Уншиж байна ...

Панамын сувагтай өрсөлдөх бүтээн байгуулалтын төлөвлөгөөнөөсөө Никарагуа улс татгалзлаа

Т.Давааням, ikon.mn
2024 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Атлантын болон Номхон далайг холбодог суваг байгуулах Хятадын хөрөнгө оруулалттай томоохон төслийг Никарагуа улс цуцлахаар болжээ.

Саяхан тус улсын эрх баригчид Хятадын хөрөнгө оруулагч компанитай байгуулсан концессын гэрээгээ цуцалсан байна.

Никарагуагийн хоёр эргийг холбож, Панамын сувгаас ч том далайн тээврийн зам нээх энэхүү төслийн шавыг 2014 онд тавьж байжээ.

Гэхдээ тэр үеэс хойш бүтээн байгуулалтын ажил огт хэрэгжээгүй юм.

Төслийг тойрсон маргаан зөрчил үүнд саад болжээ.

зураг
 

Сувагт зориулсан газрыг хурааж авах засгийн газрын шийдвэр олон мянган тариачны эсэргүүцэлтэй тулгарч байв.

2019 онд Никарагуагийн шүүх тэмцлийг толгойлсон гурван тариачныг "төрийн эсрэг боссон" хэрэгт буруутгаж, тус бүр 216, 210, 159 жилийн хорих ял оноосон юм.

Гэхдээ Никарагуагийн хуулиар шоронд хоригдох хугацааг 30 жилээс хэтрүүлдэггүй.

Ерөнхийлөгч Даниэл Ортегагийн дэглэм $50 тэрбумын өртгөөр 278 км урт суваг татах энэ төслийг Никарагуагийн эдийн засагт ашигтай, олон арван мянган ажлын байр бий болгох ач холбогдолтой хэмээн сурталчилж байв.

Улмаар Ортегагийн дэглэм төслийг эсэргүүцсэн иргэдийн тэмцлийг 2018 онд хүчээр нухчин дарж байжээ.

Төслийг хэрэгжүүлбэл Төв Америкийн хамгийн том нуур гэгддэг Никарагуа нуурыг хоёр хувааж, нутгийн уугуул Рама, Креол угсааны хүмүүсийг оролцуулаад нийт 120,000 иргэнийг нутгаас нь нүүлгэн шилжүүлэхээр байв.

Никарагуа нуурыг хувааснаар тус улсын цэвэр усны чухал нөөц эрсдэлд орж, мөхөх эрсдэлтэй 22 төрөл зүйлийн амьтны дархлагдсан газар нутгийг хөндөх болоод байжээ.

Никарагуагийн засгийн газар төслийг хэрэгжүүлэгчээр Хонконгт бүртгэлтэй HK Nicaragua Canal Development Investment Company-ийг сонгож, 50 жилийн концессын гэрээ байгуулсан юм.

Гэтэл уг компанийг эзэмшигч Хятадын бизнесмэн Ван Жин харилцаа холбооны салбараас хөрөнгөжсөн, ийм том хэмжээний дэд бүтэц байгуулах туршлагагүй хүн байсан нь бас нэг маргаан дэгдээсэн юм.

Тэрбээр 2015 оны Хятадын хөрөнгийн зах зээлийн хямралаар хөрөнгийнхөө 85 хувийг алдсан нь сүүлд ил болж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press