Цаг хугацаа, хагацал, нийгмийн цочроонд ч бууж өгөөгүй агуу их хүсэл тачаал, хайр дурлалын нэгэн жишээ нь Жозефина, Наполеон хоёрын хайрын түүх гэлцдэг. Эзэн хаан Наполеон, хатан хаан Жозефина нарын хайрыг эцэг эхийнх нь үзэн ядалт, дайн, үхэл ч салгаагүй гэж үеэс үед биширч, дурссаар иржээ. Яагаад?
1763 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Мартиника арал дээр Францын газрын эзний гэр бүлд Мари Жозефа Роз мэндэлжээ. Жозефина 16 настайдаа Алекс де Богарне гэх ноёнтонтой гэрлэн, таван жил амьдарсан ч нөхөр нь түүнийг хоёр хүүхэдтэй нь орхиод явсан гэдэг. Залуу бүсгүй элбэг хангалуун амьдарч байсан ч үнэт эдлэлд хэт шунан дурладагаасаа болоод ихээхэн өрөнд орж, санхүүгийн байдал нь дээсэн дөрөөн дээр очсон гэдэг.
1769 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Францын ирээдүйн эзэн хаан, жанжин, төрийн зүтгэлтэн Наполеон Аяччо хотод төржээ. Түүнийг мэндлэх үед нь л амьдралынх нь цорын ганц хайр болох бүсгүйтэй уулзана гэж хувь тавилан зурчихсан байсан гэх.
Жозефина, Наполеон хоёр 1796 онд дээдсийн хүрээний үдэшлэг дээр нэг нэгнээ олсон гэдэг. Тэд хоромхон зуур нэгэндээ татагдаж, ердөө хэдхэн сарын дараа л Бонапарт хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ. Гэвч гэрийнхэн нь Жозефинаг хөнгөн хийсвэр, таагүй эмэгтэй гэж үзсэний улмаас гэрлэлтийг эрс эсэргүүцэж байв. Гэсэн ч дурлалт хос болзсон хэвээр байж, 1796 оны 03 дугаар сарын 9-ний өдөр гэрлэв. Тэдний хуримын бөгжний дотор талд “Энэ бол хувь тавилан” гэсэн бичиг сийлээстэй байжээ.
Харин гадна талаар нь үнэнч зан, үл хуучрах хайрын билэг тэмдэг болсон индранил чулуугаар чимэглэжээ. Ийнхүү тэд хувь тавилангаар учирсан гэх хайр дурлалаа гэрлэлтээр баталгаажуулсан ч ирээдүйн эзэн хааны гэр бүлийнхэн болон Жозефинагийн хоорондын тэмцэл туйлдаа хүрсэн гэдэг. Наполеонтой учрахдаа Жозефина 32 настай, мөн хоёр хүүхэдтэй байсан нь залуу Бонапартын гэр бүлийнхний эгдүүцэл, дургүйцлийг дээд цэгт нь хүргэж байсан аж.
Хэдийгээр Бонапартын гэр бүлийнхэн байнга эсэргүүцэж байсан ч Жозефина нөхрийн хамт муу бүхнийг үл анзааран, зөвхөн өөрсдийнхөөрөө л амьдрахаар шийдэв. Гэлээ ч тэдний бал сар ердөө хоёрхон хоног үргэлжилсэн гэдэг ба тухайн үед хэдийнээ эрх мэдлийн оргилд хүрээд байсан Бонапарт аян дайнд явахаар болсон учраас тэр.
Наполеон аян дайнаар хаа ч явж байсан гэлээ хайртай эхнэртээ байнга захидал бичдэг байжээ. Гэлээ ч эцэс төгсгөлгүй аян дайн тэдний хагацлын эхлэлийг тавьсан юм. Хайртай эхнэрээ хүсэмжлэн санагалзсан Наполеон үнэт бэлэг эхнэртээ байнга явуулна.
Харин Бонапартыг аян дайнд мордсон үед эхнэр нь дэгжин чамин загвар хөөцөлдөн цаг нөхцөөдөг байжээ. Тухайн цагтаа хамгийн ганган дэгжин, басхүү хүүхнүүдийн загварын чиг хандлагыг тодорхойлдог байсан Жозефина л чухамхүү бугуйн цаг өргөн дэлгэрэх үндсийг тавьсан гэлцдэг. Өмнө нь эмэгтэй хүний цагийг дэвүүр, зүүлт, энгэсэгний саван дээр байрлуулдаг байж. Харин Жозефина нэгэнтээ цагтай бугуйвч захиалан хийлгэснээр бугуйн цаг ихэд дэлгэрчээ. Хамаг мөнгөө үнэт эдлэлд зарцуулдаг байсан Жозефина үнэртнийг ч ихэд таашаадаг байсан гэдэг.
Наполеон Жозефина хоёр улам бүр уулзах нь ховордов. Наполеон улс төрийн ажил, аян дайн гэж явах зуур Жозефина загвар хөөцөлдөж, үнэт эдлэл цуглуулан, тансаг үнэртэн захиалж өөрийгөө эрхлүүлж, сатааруулж байхдаа хөнгөн хийсвэр зангаа нэгэнтээ гаргаад авсан гэдэг. Нэгэн удаа, мөн л хоёр талд удаан байх үеэр Жозефина нөхрөө хуурав. Энэ тухай чимээ Наполеоны чихэнд хүрч, Парист очсон даруйдаа Наполеон Жозефинагаас салахаар шийджээ. Гэвч эхнэр нь өршөөхийг гуйн, Бонапарт ч хайраа ингээд л сүйтгэчихийг хүссэнгүй, үнэнч бус эхнэрээ өршөөсөн гэдэг.
1804 онт Франц улс эзэнт гүрэн болж, Наполеон хаан ширээнд суухаар болов. Хаан ширээнд суухын өмнө хатан хаан нь Жозефина гэж мэдэгдсэн нь Наполеоны гэр бүлийнхний зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм. Тэд ёслолын ажиллагааг тасалдуулахыг ч оролдож байжээ. Тиймээс Наполеоны гэр бүлийн гишүүн бүрийг харгалзаж байх үүрэгтэй ордны хүмүүс дагалдаж явахаар болсон гэдэг. 1804 оны 12 дугаар сарын хоёрны өдөр Парисын дарь эхийн сүмд Наполеон болон түүний эхнэр титэм хүлээж авах ёслол болов.
Эзэн хаан өөрийн гараар хайртай эхнэртээ титэм зүүж өгч байсан ч тун удалгүй тэдний харилцаа хөрч эхлэсэн гэдэг. Наполеон хэнд хаан ширээгээ өвлүүлэх вэ гэж байнга бодох болжээ. Жозефина залуу байсан ч хүүхэд олж чадсангүй. Бүхий л эм бэлдмэл туршиж үзсэн ч тусыг эс олов.
1807 оны наймдугаар сард хатан хаан үргүйдлээ эмчилнэ гэж найдан рашаанд суухаар явсан үед хүүхэд хүлээн гутарсан Наполеон хааны угсаатай сүйт бүсгүй өөрт нь олохыг нууцаар зарлигдсан байжээ. Хоёр жилийн дараа Наполеон Австрийн гүнж Мария Луизатай гэрлэхээр болсон тухайгаа эхнэртээ дуулгав. Удалгүй ордны шүүх хурал болж, гэрлэлтийг албан ёсоор цуцлахаар болжээ. Жозефина ярьж чадахгүй болтлоо үймэрч, гуньсан тул түүний өмнөөс итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралд оролцож байсан гэдэг. “Агуу орны сайн сайхны төлөө би Наполеоноо явуулж байна” гэж хатан хаан мэдэгджээ.
Бонапарт эхнэртээ хатан хааны титэм, Елисейн ордон, Мальмезон ордон, Наваррын цамхагийг үлдээсэн ч энэ бүх бэлэг Жозефинагийн сэтгэлийг тайтгаруулсангүй, хамгийн үнэтэй зүйлээ эргэлт буцалтгүй алдсан Жозефина Мальмезон ордныхоо унтлагын өрөөнд хэдэн цагаар ганцаараа сууж, эхэр татан уйлдаг байсан гэх. Харин нулимсаа бусдад үзүүлдэггүй, сэтгэлийн хат гаргаж явсан юм гэнэ лээ.
1810 оны гуравдугаар сард Бонапарт Австрийн гүнжтэй гэрлэж, жилийн дараа хүүтэй болов. Ингээд л төрийн хэргээс түр хөндийрөх болгондоо Наполеон шинэ эхнэртээ анхаарал халамж тавих болжээ. Хуримын бэлгийг ч дээд зэргээр бэлдэж байсан гэх. Титэм хэлбэрт толгойн гоёлыг бэлэг болгон өгсөн бөгөөд энэ гоёл 874 ширхэг очир эрдэнэ, 13 каратын номин эрдэнээр чимэглэгдсэн байжээ. Одоо энэ гоёл Парисын Луврын музейд хадгалагддаг, 3.7 сая ам.доллараар үнэлэгддэг юм.
Ийнхүү хайр халамж хүртэн, басхүү нуган үрийг нь төрүүлсэн бүсгүйтэй Наполеон жаргаж байх зуур Жозефина балчир хүүтэй нь уулзахыг эзэн хаанаас хүсчээ. Ингээд хүүг салхилуулахаар Бульоны ойд ирэх үед Жозефина хүүг анх удаа харав. Хатан хаан байсан Жозефина хүүг тэврээд “Хэзээ нэгэн цагт чи болон чиний эцгийн ирээдүйн төлөө миний гаргасан золиосыг чи мэдэх болно” хэмээн хэлсэн гэдэг.
Энэ золиос юу байсныг хэн ч эс мэднэ. Харин ердөө л дөрвөн жилийн дараа буюу Оросын байлдан эзлэлтийн дараа Наполеон цөлөгджээ. Түүний хууль ёсны эхнэр Мария Луиза нөхрөө дагаж явахыг хүссэнгүй, харин Жозефина Оросын хаан Нэгдүгээр Александрт хандан, хуучин нөхөртэйгээ хамт байх зөвшөөрөл хүсчээ. Гэвч түүнд Наполеонтой хамт байх зөвшөөрөл өгсөнгүй. Ингэж Наполеон Жозефина хоёрын хайр нэг мөр эцэс болсон гэдэг.
Наполеон Жозефинад зориулсан хамгийн сүүлчийн захидлаа 1814 оны 04 дүгээр сарын 16-нд бичжээ.
“Хонгор Жозефина минь, яг л над шиг энэ бүхэнтэй эвлэр. Намайг битгий мартаарай. Би үргэлж чамайг санах болно” гэж эцсийн захидлаа бичжээ. Энэ захидлыг хүлээн авснаас сарын дараа Жозефина насан эцэслэв. 1815 онд Наполеон цөллөгөөс оргон Парист ирж, дахин эрх мэдлээ олж авах гэж хичээсэн ч талаар болжээ. Өөрийг нь баривчилахыг хүлээн Мальмезон ордонд байхдаа Жозефинагийн унтлагын өрөөнд орж хэдэн шөнө унталгүй, гашуудан уйлж байсан гэдэг.
Хязгааргүй хайртай байсан эмэгтэйнхээ араас, өөр эхнэр хүүхэдтэй болж хэдэн жил хөндий байсан ч ийн энэлж шаналан байсан эзэн хаан 1821 онд амьсгал хураахдаа хэлсэн сүүлчийн үг нь “Жозефина” байсан гэдэг. Наполеоны, дэлхийн түүхэнд үлдсэн суут жанжны цор ганц хязгааргүй, асар ихээр бадамлан ассан хайрынх нь эзэн Жозефинад Наполеон амьдралынхаа туршид олон захидал бичсэн. Дайн, ялалт, ялагдлынхаа тухай, хайртыгаа хэчнээн ихээр санан хүсэмжилж байгаагаа, тэр бүү хэл эхнэр нь урвасны дараа үзэн ядаж байгаагаа илэрхийлсэн захидал бичсээр байсан, тэр дундаас хамгийн ихээр сэтгэлийн утас хөндсөн захидал нь 1796 онд бичигдсэн захидал.
1796 оны 04 дүгээр сарын 03.
“Миний цор ганц Жозефина минь. Чамаас хол байхад би цор ганцаараа элсэн цөлд байгаа мэт санагдах юм. Чи миний зүрх сэтгэлийг бүхэлд нь эзэмджээ. Чи бол миний цор ганц сэтгэл зүрх. Хүн гэж нэрлэгдсэн уйтгартай амьтас намайг залхааж орхивол би энэ амьдралыг зөнд нь хаяхад бэлэн байна. Тэр үед гараа зүрхэн дээрээ тавихад тэнд чиний дүр төрх үзэгдэнэ, би түүн рүү харна. Миний хувьд хайр минь хязгааргүй аз жаргал. Чи ямар хүчээр миний бүхий л чадварыг захирч, оюун санааны амьдралыг минь ганцхан чамруу чиглүүлж чадав аа?”
Эх сурвалж: kulturologia.ru
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!