ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хуучин ХЭВЛЭХ ҮЙЛДВЭРИЙН барилгын үнэ 7.1 тэрбумаас эхэлнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг НӨХГ-ын албан ёсны сайтаас авав

“Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлах шийдвэрийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/48 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 29 дүгээр тогтоолоор гаргаад байгаа билээ. 

Энэ дагуу Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Засгийн газрын ордоны зүүн талд байрладаг /хуучнаар/ “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг энэ оны арваннэгдүгээр сарын 30-нд хувьчлахаар болсон байна. 
Уг барилга нь 1929 онд хэвлэлийн комбинатын зориулалттай баригдаж ашиглалтад орсон, Улаанбаатар хотын А бүсэд байрлалтай 2,698 м2 эзэмшил газартай, цутгамал бетон суурьтай, тоосгон ханатай, нийт 5,244 м2 талбай бүхий 2 давхар барилга юм. Барилгын тухайд ашиглалтын шаардлага хангахгүй, цаашид ашиглах боломжгүй болжээ. 

Нээлттэй дуудлага худалдааны үнэ 7,155,000,000 /долоон тэрбум нэг зуун тавин таван сая төгрөг/, харин дэнчингийн хэмжээ нь 715,500,000 /долоон зуун арван таван сая таван зуун мянган төгрөг/. 

Хуулийн дагуу дуудлага худалдаанд санал өгсөн иргэн, аж ахуйн нэгжийн нэрсийг дуудлага худалдаа болохоос 72 цагийн өмнө задлах ажээ. 

Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх тухай

1. Дуудлагын худалдаанд оролцох материалыг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны 10:30 цагаас 2015 оны 11 дүгээр сарын 30-ний 10:30 хүртэл ажлын цагаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын 09 тоотод хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу!

2. Худалдах барилгын талаарх мэдээлэл, дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг www.umch.ub.gov.mn вэб хуудаснаас эсвэл Нийслэлийн өмчийн харилцааны газрын   09 тоот өрөөнд ирж авна уу!

3. Дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
- Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг www.umch.ub.gov.mn вэбээс авна уу.
- Хувь хүн бол иргэний үнэмлэх, хуулбарын хамт, хөрөнгийн тодорхойлолт
- Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (нотариатаар баталгаажуулсан) итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон шийдвэр, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажлын үнэмлэх, санхүүгийн тайлан баланс
- Дэнчин тушаасан баримт
 
Дээрх баримтуудыг бүрдүүлж битүүмжлэн, дугтуйны гадна талд оролцох обьектын нэрийг бичиж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын 09 тоот өрөөнд байрлах  САНАЛЫН ХАЙРЦАГ-т хийнэ.

4. Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл: Худалдан авагч нь дуудлагын  худалдаагаар  худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

5. Дэнчинг байршуулах данс: Нийслэлийн төрийн сан 200000961 тоот данс  Хүлээн авагч: УБ.Өмч хувьчлалын орлого

6. Дуудлагын худалдаа 2015 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 11 цагт Нийслэлийн нутгийн захиргааны “Хангарьд ордон”-ы 14 давхарын хурлын их танхимд болно.