Индонезийн арлуудын нэг болох Тимор арлын зүүн хагаст оршдог тул Зүүн Тимор гэгддэг болжээ. Энэ улсын тухай товч мэдээлэл хүргэж байна.
Нийслэл:
Дили хот. 150,000 хүн амтай.
Засаглал:
Парламентын ардчилсан засаглалтай улс. Ерөнхийлөгчөө нийтийн сонгуулиар таван жил тутамд сонгодог. Ерөнхийлөгч нь парламентын олонх болсон намын тэргүүнийг ерөнхий сайдаар томилдог гэнэ.
Ерөнхий сайд нь засгийн газар, нэг танхимтай үндэсний парламентаа бас тэргүүлдэг.
Хүн ам:
Хүн ам 1.2 сая. Дүрвэгсэд олноор буцан ирж байгаа, мөн төрөлтийн түвшин өндөр тул хүн ам эрчимтэй өсөж байна.
Олон тооны үндэстэн, ястнуудаас бүрддэг.
Албан ёсны хэл:
Албан ёсны хэл нь Тетум ба Португаль. Англи, Индонези хэлүүд албан бусаар бас хэрэглэгддэг.
Тетум нь Малай-Полинезийн бүлгийн хэл. Хавайн арлынхны хэлтэй нэг бүлэг.
Португалийн колони байсан тул Португаль хэл нэлээд нөлөөтэй.
Шашин:
Зүүн Тиморчуудын 98 хувь нь Ромын Католик шашинтай. Энэ нь Португалийн колончлолын үр дагавар.
Эдийн засаг:
Португалийн колончлол, дараа нь Индонезид эзлэгдэн, удаа дараа дайн хийж байсан тул ядуу эдийн засагтай. Дэлхийн хамгийн ядуу орнуудын нэгт тооцогдоно.
Хүн амын бараг тал хувь нь ядуу нөхцөлд амьдардаг. Ажилгүйдлийн түвшин бас 50 хувьтай. Нэг хүнд ноогдох ДНБ 2006 оны байдлаар 750 ам. доллар байсан.
Түүх:
16 дугаар зуунд Португаличуудыг нээхээс өмнө олон бутархай овог аймгуудаас бүрдэж байсан. 1515 оноос хойш 460 орчим жил Португаличууд колончилсон. Тимор арлын баруун хагасыг нь Голланд колончилж байжээ. 1941 онд Австрали, Нидерландын цэргүүд Зүүн Тиморыг эзэлсэн ч удалгүй 1942 онд Японы арми булааж авсан. 1945 онд Япончууд дайнд ялагдсаны дараа Португалийн харьяанд буцаж оржээ. 1975 онд Зүүн Тиморчууд Португалиас салж тусгаар тогтнолоо зарлав. Гэвч тэр дор нь Индонези Зүүн Тиморт цэргээ оруулан эзэлж өөрийн 27 дахь мужаар зарлажээ.
Индонезийн харьяанд орсны дараа 60,000-100,000 Зүүн Тиморчуудыг бөөнөөр устгасан гэдэг.
1998 онд Сухартогийн дэглэм унах үеэр Индонезийн цэрэг Зүүн Тимороос гарсан юм.
Үүний дараа 1999 онд Зүүн Тимор тусгаар тогтнолоо зарлаж, 2002 оны есдүгээр сарын 27-нд НҮБ-ын гишүүн болсон түүхтэй.
Эх сурвалж: asianhistory.about.com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!