Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Нурмаажав: Урлан миний диваажин

Ч.Гантулга
2014 оны 10 сарын 29
Зууны мэдээ

Амьдрал өөр, өөрийн өнгөтэй. Эрээн бараан, хар цагаан, нүд гялбам тод, бүдгэрэн арилж яваа бүдэг саарал гээд л. Харин эдгээр амьдралын өнгийг өөрийнхөөрөө зурж, илэрхийлж яваа зураач бүсгүйн урланд зочиллоо.

Зураач Т.Нурмаажав урландаа зургаа зураад сууж байна. Үүднээс нь эхлээд будгийн үнэр ханхалж,нарийхан бийр, өнгө өнгийн гуаш харагдана. Тэрээр бүсгүй хүний төрх, дайчин баатар эрсийг геометрийн дүрслэлээр илэрхийлжээ. Энэ зургийн нэр нь “Хүлээлт” гэсэн.

Хэн нэгнийг сэтгэлдээ мөрөөдөн, хүлээж буй монгол бүсгүйн дотоод сэтгэл түүний бүтээлээс мэдрэгдэнэ. Зураг хараахан дуусаагүй байв. Тэрээр монгол зургийн аргаар бүтээлээ туурвидаг. Энэ нь түүний омогшил бас бахархал нь.

Зураач бүсгүй ирэх арванхоёрдугаар сард бие даасан үзэсгэлэнгээ гаргахаар бэлдэж байгаа аж. Түүний үзэсгэлэнгийн ерөнхий санаа нь “Ертөнц”. Зураач бүхэн өөр, өөрийн өвөрмөц ертөнц, арга барилтай. Зарим нь ганцаараа байх үед шинэ санаа орж ирдэг бол зарим нь зүү-дэндээ онгодоо хайдаг гэх.

Харин зураач Т.Нурмаажавын хувьд тэднээс тэс өөр. Түүний зурах онгод, мэдрэмжийг нь уртын дуу сэрээдэг юм байна. Монгол ардын дуугаа сонсч, түүнээс мэдэрсэн мэдрэмжээ бүтээл болгодгоороо онцлог. Түүнийг нь гэрчлэх ардын болон уртын дууны үгтэй зузаан номууд урланд нь өрөөстэй байна.

“УЯХАН ЗАМБУУ ТИВИЙН НАРАН”-Д БҮХ АМЬДРАЛ БИЙ

Т.Нурмаажав “Уяхан замбуу тивийн наран” дууг сонсоод, мэдэрсэн зүйлүүдээ зуржээ. Гэхдээ хэзээ ч дуунд баригдаж, дуунд зориулж зурахыг хүсдэггүй гэсэн. Зөвхөн өөрийнхөөрөө хязгааргүй сэтгэж, бодол сэтгэлээ цаасанд буулгах нь түүний хувьд чухал. Тэрээр “Уяхан замбуу тивийн наранд монгол хүний бүх амьдрал шингэсэн юм шиг санагддаг. Монгол дуу, аялгуу гэдэг өөрөө түүхийн архив шүү дээ.

Тэндээс уярал, ухаарал, монгол ёс, түүхэн уламжлалыг мэдэрч болно. Ардын дуунуудыг судлаад үзэхэд ямар олон мэдэхгүй үг, хэллэг гарч ирсэн гээч. Гэтэл бид хэдхэн үгэнд баригдаад” гэж байв. Түүний зургуудыг харахад эмэгтэй хүн зурсан нь олон байх юм. Өөрөө бүсгүй хүн болоод ч тэрүү эмэгтэйлэг ертөнц өөрт нь дэндүү ойрхон санагддаг байж болох. Мөн тод, гэгээлэг өнгүүдийг бүтээлдээ ашигладаг нь ажиглагдсан.

Түүнээс энэ тухай асуухад “Бүсгүй хүн тэр чигээрээ гоо сайхан, байгаль. Тэднээс өнгө өнгийн цэцэгс, тансаг үнэр үнэртэж байдаг. Охид бүхэн ирээдүйд ээж болдог болохоор тэднийг би байгаль эхтэй зүйрлэдэг юм” гэв. Т.Нурмаажав олон улсын үзэсгэлэнд оролцож, хамтарч үзэсгэлэн гаргаж байсан туршлагатай уран бүтээлч юм. Дэлхийн ямар ч орны зураачийн бүтээлээс монгол зураг цаана л өөр, өвөрмөц, тансаг харагддаг гэнэ.

“Үүнээс монгол философи, монгол үзэл, онцлог гэдэг нь үнэртэнэ шүү дээ" гээд инээмсэглэсэн. Түүний долоон нар гэх зураг байна. Зургийг нь үзэхээс өмнө “Эрхий мэргэн” үлгэрийн тухай төсөөлж байв. Тэнгэрт мандсан долоон нарыг эрхий мэргэн харвадаг. Магадгүй түүнийг л зурсан байх гэж бодож байвч “үгүй” байлаа. Эрхий мэргэн, хараацай шувуу аль нь ч алга. Харин гэрэлт нар, сайн сайхан амьдрал, инээд хөөр, баяр баясгаланг зурсан. Энэ нь түүнийг ямар сэтгэлгээтэй, хэр эрх чөлөөтэй уран бүтээлч болохыг нь илтгэх шиг.

ЦАС ХӨЛӨГЛӨЖ БУУСАН ОХИД

Гадаа хүйтэрч, өвлийн улирал ирсэн болоод ч тэр үү урланд орсон цагаас цасан ширхэгийн зураг миний сонирхлыг татсан. Хөх тэнгэрийн уудмаас цасан ширхэг хаялна. Ширхэг бүхэн дахин давтагдашгүй өвөрмөц юм. Харин тэдгээр цастай хамт үзэсгэлэнт охидын жаргалтай инээмсэглэл үзэгдэнэ. Зургийг харахад цонхоор хармаар, гадаа цас орчихсон юм шиг содон мэдрэмж төрж байлаа. Зураач “Цас хаанаас ирдэгийг хэн ч мэдэхгүй, магадгүй байгаль дэлхийн бидэнд өгдөг гайхалтай бэлгийн нэг байх. Анхны цас ямар гоё байдаг билээ.

Хүн бүхэн гараад гүймээр, цасаар тогломоор сайхан мэдрэмжийг өгдөг. Сайн харвал энэ зурагт долоон бурхан одыг дүрсэлсэн байгаа. Монголчууд бид аливаад бэлгэдэлтэй ханддаг ард түмэн. Харин эдгээр охид хүний сэтгэлд мэдрэгдэж буй аз жаргалын илэрхийлэл” гэж тайлбарласан. Дараагийн зураг бүр ч сонирхолтой. Монголчуудын, тэр дундаа малчин айлын нэг өдрийн амьдралыг зурсан байна.

Хамгийн сонирхолтой нь тэдгээрийг хаалганы завсараар, гэрийн хаяагаар харж зурсан юм шиг содон шийдэлтэй байв. Энэ зургийг “Монголын амар амгалан”-г уншаад төрсөн мэдрэмжээсээ зуржээ. Хөдөө нутаг түүнд содон сэтгэгдэл төрүүлдэг, гэрийн хаяагаар харахад тал нутаг нүдний өмнө ирсэн юм шиг санагддаг гэнэ.

Багадаа хөдөө эмээгийндээ очоод, үеийн найзуудтай тоглож, хурга ишиг эргүүлж, булаг руу усанд явж байсан хүүхэд насных нь гэгээн дурсамж зурагт багтсан тухайгаа ярьсан юм. Үнэхээр хөдөөний амьдрал тэр чигээрээ нүдний өмнө харагдана. Хүүхдүүд унага татаж, усанд гүйж, настайчууд ноос савж, эмэгтэйчүүд ааруул хурууд хийж, эрчүүд адуугаа манахаас эхлээд бүх амьдрал байв. Зураач энэ бүтээлээ монгол хүнд Монголыг нь сануулах хэмжээний бүтээл болсон гэж үнэлж байна.

Харин эргээд зуны улирлыг санагдуулам нэг зургийг онцолсон нь зуны тухай зураг юм. Тод ногоон өнгөөр дүрслэгдсэн зураг хүнд амар амгаланг бэлэглэмээр юм. Голд нь нар зуржээ. Үүнийгээ зураач “Энэ дэлхийн хүн төрөлхтөн нэгэн бөмбөрцөгт амьдардаг. Тиймээс гэр бүл болон хайртай, дотны хүмүүсээ хайрлаж, хамгаалж явахыг энэ зургаараа илэрхийлээ” гэсэн юм.

ЗУРАГ БҮРТЭЭ ДУРЛАДАГ

Тэрээр монгол зургийн аргыг орчин үеийнхтэй хослуулдаг. Гэхдээ хослуулна гээд зурсан зургаа этгээд болгохыг хүсдэггүй нэгэн. Харин зураг бүхэндээ дурлаж, түүний төлөө шатаж, чин сэтгэлээ зориулахыг эрмэлздэг. Өнгөний хувьд ч нэг өнгийг биш сонин, содон өнгө бүрийн хослолоор зурахыг хүсдэг ажээ. Зураач урлангаа өөрийнхөө диваажин гэж нэрлэжээ.

Тэнд байхдаа өөрийгөө илүү их сонсч, дотоод хүнээ ойлгож, мэдэрдэг тухайгаа хэлсэн. Тэрээр хамгийн анх бага ангидаа ногоон дээлтэй ээжийгээ зуржээ. Энэ үед багш нь түүнд “Чи зураач болох юм байна” гэж хэлсэн гэдэг. Увс аймгийн бяцхан охин багаасаа л зураач болохыг мөрөөдөж, зорилгодоо хүрсэн ч уран зураг гэдэг энэ том ертөнцийг бүхэлд нь ойлгож чадахгүй хааяа бэдэрдэг ажээ.

Уран зураг, зураач мэргэжил нь түүнд өдөр болгон адал явдал, эрэл хайгуул, шинэ мэдрэмжийг төрүүлдэг аж. Т.Нурмаажав захиалгаар зураг зурдаггүй. Энэ нь түүний хувьд жинхэнэ кайф.

Зөвхөн өөрийнхөө хүслээр хэн нэгэнд биш өөртөө зориулж зурна гэдэг хамгийн үнэ цэнэтэй гэсэн үзэлтэй нэгэн юм. Бидний яриа энэ хүрээд өндөрлөлөө. Хэдийгээр гадаа харанхуй болсон ч зураач бүсгүй зургаа зураад урландаа үлдсэн. Магадгүй тэрээр ямар нэг зураг зурах шинэ санаа олсон байх.

Зураг