Хаврын чуулган завсарлахаас өмнө Бизнесийн эрх чөлөөний тухай болон Татвар, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг эцэслэн батална гэв

А.Төгөлдөр, iKon.mn
23 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө. 

Бүлгийн дарга Ж.Батжаргал "УИХ-ын хаврын чуулганыг 2026 оны долоодугаар сарын 3-ны өдөр хүртэл үргэлжлүүлээд завсарлуулахаар төлөвлөж байна. Чуулган завсарлах хугацаа дөхсөн учраас хэлэлцүүлэгт байгаа гол хуулиудаа эцэслэн батлах шаардлагатай байна. 

Тухайлбал, Бизнесийн эрх чөлөөний тухай, Татварын тухай, Нийгмийн даатгалын тухай зэрэг хуулиудыг хаврын чуулганы хугацаанд хэлэлцэхийг бүлгийн гишүүд дэмжлээ" хэмээн мэдэгдлээ. 

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь олон жил ажилласан бол илүү тэтгэвэр тогтоох, баталгаат тэтгэврийн зохицуулалтыг тусгасан агуулгатай. Хуулийг шинэчилснээр тэтгэврийн насны 504 мянган иргэний тэтгэврийг 100-300 мянган төгрөгөөр нэмэхээр хуульд тусгасан. Мөн тэтгэврийн хуримтлал, хувийн нэмэлт тэтгэврийн бодлогыг хэрэгжүүлэхээр хуульд тусгасан байна.

Мөн энэ удаагийн бүлгийн хурлаар газрын тостой холбоотой асуудлыг хэлэлцэж, газрын тосны үйлдвэрт шаардлагатай түүхий тос олборлолтыг нэмэгдүүлэх хуулийн төслүүдийг хэлэлцжээ. Анх байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээг хэрэгжүүлэх, жилд олборлох түүхий газрын тосыг 1.5 сая тоннд хүргэх зорилго тавин ажиллаж байгаа. Энэ нь манай улсад байгуулж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрт шаардлагатай газрын тосны хэмжээтэй дүйж байгаа аж. Хэлэлцсэн асуудлын хүрээнд урд хөршөөс газрын тосны бүтээгдэхүүн импортолдог болох асуудал яриа хэлэлцээрийн шатанд байгаа гэдэг мэдээллийг бүлгийн гишүүд авчээ.