"95.5 километр үерийн далан, сувгийг шинээр барих төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээний ажил 90 гаруй хувьтай байна"

Д.Янжиндулам, ikon.mn
29 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын бохир усны төвлөрсөн систем 1963 оноос хойш 63 жилийн турш ашиглагдаж, нийт дөрвөн байршилд 51.6 км урт үерийн хамгаалалтын далан, 58 байршилд 107.6 км бүхий үерийн хамгаалалтын суваг байдаг байна. Үүний 86.7 км шугамын ашиглалтын хугацаа дуусжээ.

Нийслэлд 2024 оны зургаадугаар сард болсон үерээр зургаан дүүргийн 40 гаруй хорооны нутаг дэвсгэр үерт автсан нь үерийн хамгаалалтын байгууламжуудыг үе шаттайгаар шинэчлэх шаардлагатайг харуулсан тул “Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, нийслэлийн 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж, борооны ус зайлуулах шугам сүлжээний ажлыг хийхээр төлөвлөжээ. Үүнээс есөн байршилд Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох төсөл”-ийг хэрэгжүүлнэ. Ингэхдээ тус төслийг хоёр багцад хуваажээ.

Тухайлбал “Багц-1” ажлын хүрээнд 95.5 км урт үерийн хамгаалалтын далан, сувгийг шинээр барина. Төслийн ТЭЗҮ-ийг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ боловсруулж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөлийн хурлаар 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хэлэлцүүлж, магадлал хийлгэх шийдвэр гарчээ. 

Харин “Багц-2” ажлын хүрээнд 40 км урт бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх бөгөөд тус багцын ТЭЗҮ-ийг “Гидро инженеринг” компани боловсруулсан байна.

Шуудуу ухалгүйгээр бохир ус дамжуулах хоолойг доторлох технологи нь зам талбайг эвдэхгүйгээр шугам сүлжээг шинэчлэх боломж олгож, хотын хэвийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөллийг багасгах ач холбогдолтой бөгөөд хоёр багц ажлын Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийх ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байгааг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.