УИХ-ын цахим хаягийг кириллээр ашиглах боломж нээгдлээ
Улсын Их Хурлын цахим хаягийг эх хэлээрээ ашиглах боломж өнөөдөр нээгдэж байна.
Монголд анх удаа цахим хаягийг эх хэлээрээ буюу кирилл үсгээр ашиглах үйлчилгээг “Датаком” ХХК нэвтрүүлжээ.
Төрийн байгууллагууд болон Оюуны өмчийн гэрчилгээ эзэмшигч байгууллага, хувь хүмүүсийн домэйн нэрийг бүртгэж эхэлсэн бөгөөд цахим хаягийг эх хэлээрээ ашиглах үйлчилгээ юун түрүүн УИХ-д нэвтэрч байгаа юм.
“Датаком” ХХК нь УЛСЫН-ИХ-ХУРАЛ.МОН, УИХ.МОН, МОНГОЛ-УЛСЫН-ИХ-ХУРАЛ.МОН, МУИХ.МОН, ПАРЛАМЕНТ.МОН, НЭЭЛТТЭЙ-ПАРЛАМЕНТ.МОН, ИХ-ХУРАЛ.МОН, ХУРАЛ.МОН гэсэн найман домэйн нэрийг ашиглалтанд оруулан өнөөдөр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарт хүлээлгэн өглөө.
Төрийн байгууллагуудын нэрсийг бүртгэх ажил явагдаж байгаа бөгөөд интернэтийн хөтөч програм дээр УИХ.МОН вэб хаягийг кирилл үсгээр бичихэд ямар нэгэн нэмэлт програм суулгалгүйгээр вэб нь шууд ажиллах боломжтой.
Интернэт технологийн шинэ үе болох IDN (Internationalized Domain Name) буюу улс орон бүр өөрийн эх хэлээр дотооддоо домэйн нэр бүртгэх боломж бүхий энэхүү технологи нь Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төдийгүй Интернэтийн Олон улсын байгууллагын зөвшөөрөлтэйгээр албан ёсоор нэвтэрч буйг “Датаком” ХХК-аас мэдээлэв.
2014 оны 10 дугаар сарын 15-наас өмнө бүх Төрийн байгууллагууд интернет хаягийг эх хэлээрээ ашиглах үйлчилгээнд шилжих бөгөөд дараа нь хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагуудад албан ёсоор нээлттэй болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

