Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэн саарал чоно агнахыг хүсвэл 102 мянган төгрөг төлнө

ikon.mn
2014 оны 5 сарын 19
iKon.MN

БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ - ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ

Ан амьтан агнах үйлдэл нь Монгол Улсын хууль, журмаар зохицуулагддаг. Хуулийн хажуугаар сэмхэн ангуучилж  амьтны эд эрхтнийг зарж арилжаасан үйлдлүүд эрүүгийн хариуцлагад татагдаж,  ангуучин хэрэгтэн болно гэдгээ мэдэх, мэдэхгүйгээр ан амьтныг хоросоор байна. Агнаж болохгүй болон болох ан амьтан, зөрчвөл ямар хариуцлагад татах талаархи мэдээллийг Ч.Базарын ярилцлагаар хүмүүст хүргэе.

- Ан амьтан агнахыг Монгол Улсын ямар хуулиар зохицуулсан байдаг вэ?

- Эрүүгийн тухай болон Ан амьтны тухай хууль, тэдгээрийг дагалдан гарсан тогтоол, журмаар зохицуулагдана. 

- Тухайлбал, Эрүүгийн хуульд байгаль хамгаалах журмын эсрэг  гэмт хэрэг гэсэн бүлэг байдаг. Түүнд ан амьтныг агнавал хэрхэн хариуцлага хүлээлгэх талаар яг юу гэж заасан байдаг вэ?

- Улсын тусгай хамгаалалттай нутагт болон хориотой үед, хориглосон арга, зэвсэг хэрэгслээр ан амьтан агнасан, барьсан нь үлэмж хэмжээний хохирол учирсан, ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэжээж гаршуулсан, тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн тохиолдолд харицлага хүлээлгэхээр хуульд заасан.

Хариуцлагын хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох , гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. 

- Нэн ховор амьтан агнасан, барьсан бол дээрхээс өөр хариуцлага хүлээлгэх үү?

- Тэгнэ. Эрүүгийн хуульд нэн ховор ан амьтан агнасан, барьсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.

- Нэн ховор амьтныг ямар тохиолдолд агнаж, барьж болох вэ?

- Амьтны тухай хуулиар зөвхөн эрдэм шинжилгээ, судалгааны  зориулалтаар агнаж, барихыг зөвшөөрсөн байгаа. Зөвшөөрлийг эрх бүхий байгууллагад БОНХЯ-наас олгоно. 

- Хэрэв агнавал тийм хариуцлага хүлээлгэн гэдгийг амьтан тус бүрээр нь гаргасан байх уу?

- Өндөр уулын гайхамшиг цоохор ирвэс манай оронд 1000 хүрэхгүй байдаг.  Хэрэв цоохор ирвэсийг агнавал 22.400.000 төгрөгийн нөхөн төлбөр төлж, эрүүгийн хариуцлага хүлээнэ. Монгол бөхөн агнавал 4.000.000, хүдэр агнавал 6.000.000 төгрөгийн нөхөн төлбөр төлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ зэргээр амьтан тус бүрээр нь төлбөрийг тогтоосон журам үйлчилдэг.     
   
- Ховор амьтныг ямар зорилгоор агнаж, барьж болох вэ?

- БОНХЯ-наас доорхи 3 тохиолдолд зөвшөөрөл олгосны ховор амьтныг барьж, агнаж болно. Үүнд, судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, эмчилгээний зориулалтаар, Монгол Улсын болон гадаадын иргэн тусгай төлбөр төлсөн тохиолдолд, тодорхой нутаг дэвсгэрт амьтны сүргийн бүтцийг зохицуулах болон халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор л ховор амьтныг агнаж, барьж болно. Зөвшөөрлийг ан амьтны чиглэлийн мэргэжлийн байгууллага болон эрдэм шинжилгээний байгууллага хүсэлтээ гаргасны дагуу олгоно. 

- Ан амьтны чиглэлийн мэргэжлийн байгууллага болон эрдэм шинжилгээний байгууллага хүсэлт гаргахдаа юу анхаарах вэ?

- Ямар ховор амьтныг агнах барих гэж байгаагаа буюу, амьтны зүйлийн нэр, тоо толгой, үндэслэлийг бичнэ. Мөн агнах болон барих арга зүй,  хугацаа, аймаг, сум, агнуурын бүс нутгийн нэрийг тодорхой бичсэн байх журамтай. Түүнчлэн Улсын тусгай хамгаалалттай газарт ховор амьтан барих тохиолдолд дээрхээс гадна тухайн Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаатай заавал гэрээ байгуулсан байна. 

- Ямар амьтныг ховор гэсэн ангилалд оруулдаг юм бэ?

- Өөрийн идээшин амьдарч буй тархац нутагтаа тоо толгой нь цөөрсөн, нөөц нь багадсан, устаж болзошгүй амьтныг ховор гэж ангилдаг. Тухайлбал, халиун буга, тэх, угалз, хар сүүлтий, аргаль хонь, янгир ямаа гэх зэрэг төрлийн амьтад байдаг. Ховор амьтны жагсаалт, агнах барих зөвшөөрөл олгох журмыг Засгийн газар тогтоолоороо баталдаг. Хамгийн сүүлд буюу Засгийн газрын 2013 оны 93 дугаар тогтоолоор “Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам” батлагдсаныг өнөөдөр мөрдөж байна. 

- Элбэг ч гэдэг юмуу агнуурын амьтан агнах, барих талаар?

- Агнуурын амьдтыг агнах, барихыг хориглох хугацааг амьтан тус бүрээр хуульд заасан байдаг. Тухайлбал, бор гөрөөс, цагаан зээр, зэрлэг гахайг жил бүрийн 12-р сарын 01-ний өдрөөс дараа оны 8-р сарын 31-ний өдөр хүртэл агнахыг хориглосон.  Тэгэхээр эдгээр амьтныг агнах боломжит хугацаа нь тухайн оны 9-р сарын 1-нээс 11-р сарын 30 хүртэл л байх нь. Бусад үед агнах, барих бол хууль зөрчсөн үйлдэл болно. Энэ мэтчилэн амьтан тус бүрээр нь хугацааг заасан байдаг. Ховор амьтдыг агнах, барихад хориглох хугацааг ч хуульд нарийн заасан байгаа.

- Ан амьтныг амьтан барих, агнахад зориулалтын зэвсэг, арга хэрэглэнэ гээд байгаа. Зориулалтын гэдгээ хуулиндтодорхой заасан уу?

- Тэгэлгүй яахав. Хуулинд ийм ийм арга, зэвсгээр агнах, барихыг хориглоно гээд заасан. Химийн болон тэсэрч дэлбэрэх бодис ашиглаж болохгүй. Амьтан явдаг жим дээр нүх ухах, буу сойх, занга тавихыг хориглосон. Туурайтан амьтныг цасанд умбуулах, мөсөнд халтиргах, хясаа, эрэг, ганга руу нисгэх, хавх тавьж агнаж болохгүй. Машинаар хөөх, гэрэлтүүлэх, нисдэг тэргээр тэргээр хөөж агнахыг, ахуйн хэрэгцээнд загас барихдаа тор хэрэглэх, загасыг буу, бамбар, цахилгаан гүйдэл, хаалт, хаглага, гувчуур хэрэглэж агнах, барих гээд бүгд хориотой.  Тэрчлэн байлдааны зориулалттай буу, сумаар агнахыг ч хориглосон. 

- Ан амьтныг тухайн жилд агнах зөвшөөрөгдсөн тоо толгой гэж байх уу?

- Байна. БОНХЯ тухайн жилд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар агнах, барих агнуурын тоо хэмжээний дээд хязгаарыг аймаг, нийслэл тус бүрээр тогтоож өгдөг.   Харин аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал тогтоосон дээд хязгаарт багтаан сум сумандаа хувиарлана. 

- Иргэн хүн, хуулийн этгээд  агнуурын зөвшөөрөл авья гэхэд хэнд хандах вэ?

- Иргэн ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад эрхийн бичиг авна. Хүсэлтээ тухайн сумын Засаг даргад хандаж гаргана. Гэхдээ зохих төлбөр төлнө. Төлбөрийг Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор тогтоосон байдаг. Нэг ширхэг саарал чоно агнахад 102,000, шар үнэг агнахад 22,000, хярс үнэгт 20,000, эр цагаан зээрд100,000,  эмд нь 110,000,  эр бор гөрөөст 66,000, эмд нь  80,000,  ойн зэрлэг гахайд 140-160,000, ойн булга агнахад 90,000, суусар булгад 94,000 зэргээр амьтан тус бүрэээр төлбөр төлнө.