Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

ТҮҮХ: Япон цустай хүн бүр буруутгагдсан юм

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 2 сарын 21
iKon.MN

“Русская планета” сайтад судлаач Лев Крошкиний бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр АНУ-ын засаг захиргаа Америкийн бараг бүх Япон гаралтай иргэн болох 110 мянган хүнийг лагерьт хорьжээ.

Лагерьт хоригдож буй хүүхдүүд

1942 оны 2 дугаар сарын 19-нд АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт 9066 тоот онцгой зарлиг гаргаж АНУ-ын бүх Япон гаралтай иргэдийн эрх чөлөөг хасах эрхийг Батлан Хамгаалах Яаманд өгчээ.

Хорих лагерьт ойролцоогоор 110 мянган хүнийг шилжүүлж тэдгээрийн хамгийн сүүлчийнх нь 1946 оны 3 дугаар сард гэртээ харьсан юм.

Одоо болтол АНУ ийм арга хэмжээ авсан нь зөв эсэх талаар маргаан намжаагүй байна. Гэхдээ засгийн газар 1980 онд үүнийг “том алдаа” байсан гэж үзээд бүх хоригдогсдод мөнгөн тэтгэмж олгожээ.

1941 оны 12 сард Япон улс Хавайн Сувдан эрэгт цохилт өгснөөр энэ хоёр улсын хооронд дайн эхэлсэн билээ. Дайны эхний өдрөөс зэвсэгт хүчнийхэн АНУ-ын Ерөнхийлөгчид Хавайн япон гаралтай иргэдийг баривчлан хорих зөвшөөрөл хүсчээ. Армийнханд ч тэгэх шалтгаан байж. Довтолгооноос хойш долоо хоногийн дараа тэд нутгийн уугуул япон иргэдийн дунд тагнуул шургалсныг мэджээ. Тагнуулууд Америкийн хөлөг онгоцнуудын байрлалыг маш дэлгэрэнгүй харуулсан газрын зураг бэлдсэн байсан нь Японы агаарын хүч бүх байгаа амжилттай устгахад тусалсан байна.

Япон айлд нэгжлэг хийж байгаа Холбооны Мөрдөх товчооны ажилтан

Ерөнхийлөгч энэ талаар хоёр сар эргэцүүлжээ. Нэг талаас АНУ даяар олон тооны Япон цагаач иргэд байсан ба тэдэнд бүрэн итгэх хэцүү байв. Нөгөө талаас хэдийгээр дайн болж байсан ч АНУ ардчилсан зарчмаа хадгалахыг хүсч байлаа. Уг гацаанаас гарахад нь Рузвельтэд хуучны “Дайсагнагч гадаадынхы тухай хууль” тус болжээ. Энэ хууль бүр 1798 онд Жон Адамс Ерөнхийлөгчийн үед Францтай хийсэн тэнгисийн дайны үеэр гарсан байна.

Хууль тэр цагаас хойш хүчинтэй байсан ба эрх баригчдад дайсагнагч улстай холбоотой дурын иргэнийг тусгаарлах боломж олгож байлаа.

9066 тоот зарлигт АНУ-ын баруун гурван муж Калифорни, Орегон, Вашингтоны 120 мянга орчим япончууд хамрагдав. Тэдний 68% АНУ-ын иргэд байсан бол үлдсэн нь хууль ёсны дагуу оршин суугчид байжээ. Мөн 48% нь 16 хүртэл насны хүүхдүүд байсан байна. Япон хүнд тооцогдохын тулд цусных нь 1/16 энэ үндэстнээс байхад хангалттай байв.

1944 онд АНУ-ын Дээд шүүх ийм арга хэмжээг үндсэн хуулинд оруулж “олон нийтийн тусын тулд” аль нэг угсаатны бүлэгт хэрэгжүүлж болно гэж тусгажээ.

Сонирхолтой нь Рузвельтийн зарлигийн дагуу Гитлер болон Муссолинитэй нэг үндэс угсаатай 11 мянган герман, 5 мянган италичуудыг мөн хорьж байжээ. Мөн 150 мянган герман, итали хүмүүс дайны туршид тусгай албадын хяналтанд байж, шилжилт хөдөлгөөн бүрээ бүртгүүлдэг байлаа.

Япончуудаас 10 мянга орчим иргэн тус улсад хэрэгтэй инженер, нарийн мэргэжлийн ажилчид гэдгээ харуулснаар хоригдолгүй, гэхдээ дээрхтэй ижил хяналтан дор амьдарч байв.

Үлдсэн 110 мянган япончууд АНУ-ын гүн дэх Вайоминг, Арканзас, Канзас мужууд дахь арван лагерт хуваарилагджээ.

Хүчний байгууллагаас тэдэнд хоёр өдрийн хугацаа өгч, хувийн бүх үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөө зарах даалгавар өгчээ.

Үнэн хэрэгтээ энэ нь тэднийг бүх хөрөнгөө орхиж явахаас өөр аргагүй байдалд хүргэсэн юм.

Зарлигийг албан ёсоор зарласны эхний өдөр Америкчууд дайснаасаа өшөө хонзонгоо авах эрх өглөө гэж ойлгоод гурван япон иргэнийг хөнөөж, арав гаруй дэлгүүрийг тонож дээрэмджээ. Харин хүчний байгуулагууд даруй арга хэмжээ авсны дүнд цааш өргөжиж чадаагүй зогссон билээ.

Ерөнхийдөө Америкчууд энэ зарлигийг тун таатай хүлээж авчээ. Ялангуяа Номхон далайн эргийн мужууд. Учир нь япончууд дийлэнх нь жижиглэн худалдаа, гар урлалын бизнес эрхэлдэг байсан тул энэ зах зээл эзгүйрч үлдсэн Америкчуудад боломж олгосон байна.

Лагерьт насанд хүрэгсэд долоо хоногийн 40 цаг ажиллах хуваарьтай байв. Ихэнхдээ япончууд хөдөө аж ахуй, гар урлалын чиглэлээр ажиллаж байлаа. Лагерь бүрт кино театр, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төв байсан нь ердийн жижиг хотхон шиг байв.

Хоригдогсдын дурссанаар бол захиргаа тэдэнтэй хэвийн харьцдаг байжээ. Цөөн тооны япончууд лагериас оргох гэж оролдоод алагдсан гэдэг. Түүхчид нийтдээ 7-12 хүн гэж бичсэн нь бий. Дүрэм зөрчигчдийг цөөн хоног тусгаарлан хорьж шийтгэдэг байжээ.

Гэхдээ ихэнх япончууд хувь заяатайгаа эвлэрэнгүй хандаж байв. Харин ч хоригдох хугацаандаа сайн хөдөлмөрлөж АНУ-ын засгийн газарт өөрийн үнэнчээ батлан харуулахыг хичээж байжээ.

Сонгины талбайд ажиллах япончууд

Үүний үр дүнд хоёр жилийн дараа буюу 1944 оны дундуур 110 мянган хүнээс 20 мянга нь (насанд хүрэгсэдийн 1/3) суллагджээ. Харин эдгээр иргэн дайн дуустал эрэг хавийн мужуудад амьдрах эрхгүй байсан юм. Лагерийн захиргаа суллагдсан хүн бүрт 25 доллар, амьдрах газарт нь хүргэх тийзтэй хамт өгч байв. Амьдрах газрыг нь лагерийн захиргаа урьдчилан шийдсэн байлаа.

Америкийн Япончуудын багаахан хэсэг (хоёр дугаар үеийн япон үндэстнүүд) армид алба хаах эрхтэй болсон байна. 1942 оны 6 сард Хавайд 1.3 мянган японоос бүрдсэн 100 дугаар явган цэргийн анги байгуулагдав.

Дайны төгсгөлөөр буюу 1945 оны 9 сараас япончуудыг лагериас чөлөөлж эхэлсэн бөгөөд хамгийн сүүлийн хүн 1946 оны 3 сарын 20-нд лагериас явжээ.

Лагерийн байдал

1948 онд япончуудын алдсан эд хөрөнгийн 20-40%-тай тэнцэх тэтгэмж олгогдсон байна. Дараа нь 9066 тоот зарлигийг 1976 онд ерөнхийлөгч Форд цуцалжээ. 1980 онд энэ түүхэн асуудлыг судлах комисс байгуулагдаж дүгнэлт гаргасан байна. 1983 онд гарсан энэ дүгнэлтэд “Америкийн Япончуудыг хоморголон хорьсон явдал нь дайны үеийн нөхцөл байдлаар зөвтгөгдөхгүй ба үндэс угсаагаар ялгаварлан гадуурхсан, дайны хэнээрхэл, улс төрийн бодлогын алдаа байжээ” гэсэн байна.

Хоригдлууд ажиллаж байгаа нь

Рональд Рейган 1988 онд энэ үйлдлийн төлөө Япончууд, Италичууд, Германчуудаас уучлал гуйсан бичигт гарын үсэг зурав. Хоригдсон хүн бүрт 20,000 долларын нөхөн олговор олгохоор болжээ. Харин 1992 онд Бушийн засаг захиргаа дахин нэмж 7,000 доллар төлсөн байна.

Харьцуулахад япончуудад АНУ маш хүнлэг хандсан нь харагддаг. Жишээ нь зэргэлдээх Канад улсад амьдарч байсан япон, герман, итали, солонгос, унгар хүмүүст харин өөр хувь тавилан ногдсон юм.

Канадад мөн ийм арга хэмжээг авахдаа хүний эрхийг ноцтой зөрчиж байсан ба энэ үеэр нийт 350 япон хүн оргох гэж яваад, мөн өвчний улмаас амь насаа алдсан юм.

Ерөнхий сайд Брайн Малруни 1988 оны есдүгээр сарын 22-нд мөн уучлал гуйж хүн бүрт 21,000 канад долларын тэтгэмж олгосноор хэрэг хаагдсан түүхтэй.