Цөмийн дайн, эсвэл хиймэл оюуны аюул 2100 онд хүн төрөлхтнийг сүйрүүлж болзошгүйг эрсдэлийн шинэ үнэлгээ харууллаа
Дэлхий нийтийн хувь заяаны талаар хийсэн эрсдэлийн шинэ үнэлгээгээр хиймэл оюун ухааныг хор хөнөөлтэй зорилгоор ашиглах, эсвэл цөмийн мөргөлдөөн гарах зэрэг шалтгааны улмаас хүн төрөлхтөн 2100 он гэхэд мөхөж болзошгүй байна.
Эдгээр нь ирэх 75 жилийн хугацаанд хүмүүсийн амьдралд заналхийлэх 17 гол аюулын жагсаалтыг тэргүүлжээ.
Үнэлгээг боловсруулсан "The Lancet" сэтгүүлийн шинжээчдийн хороо эдгээр аюул заналууд хоорондоо хамааралтай тул цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцолсон ч аюул тус бүрийг шийдвэрлэх "бодит арга зам" байгааг бас цохон тэмдэглэсэн байна.
Вашингтоны Их Сургуулийн эрүүл мэндийн хэмжигдэхүүн ба үнэлгээний хүрээлэнгийн захирал, тус хорооны хамтран даргалагч, профессор Кристофер Мюррей "Өнөөдөр удирдагчдын гаргасан шийдвэр нь дараагийн үеийнхний эрүүл мэнд, сайн сайхан байдлыг тодорхойлох болно" гэж хэлжээ.
Хороо уг жагсаалтыг гаргахдаа одоогийн нөхцөл байдалд үндэслэн аюул тус бүрийн улмаас үүсэх өвчлөл, хөгжлийн бэрхшээл, эсвэл эрт нас баралтын улмаас эрүүл амьдралын хэдэн жил алдагдахыг загварчлан тооцоолсон бөгөөд үүнийг "хөгжлийн бэрхшээлд тохируулсан амьдралын жил" (DALY) гэж нэрлэдэг хэмжүүрээр илэрхийлсэн байна.
Үнэлгээнд өгүүлснээр “Хиймэл оюун ухааныг хор хөнөөлтэй зорилгоор ашиглах (тухайлбал биологийн зэвсэг үйлдвэрлэхэд) болон цөмийн мөргөлдөөний улмаас ирэх 75 жилд хүн төрөлхтөн мөхөх эрсдэлтэй" гэжээ.
Хэдийгээр дээрх үйл явдлууд тохиолдох магадлал бага боловч цөмийн мөргөлдөөний үед агаар мандлын дээд давхаргад нарны гэрлийг хаах хэмжээний тоосонцор цацагдаж, өлсгөлөн үүсэх, эсвэл хиймэл оюунаар бүтээгдсэн биологийн зэвсгийг ашиглах замаар хүн төрөлхтнийг мөхөөх боломж хамгийн ойрхон гэж үзсэн байна.
"The Lancet” сэтгүүлд нийтлэгдсэн тайланд "Хэрэв эдгээр аюул бодитой болбол учрах хор хөнөөлийн хэмжээ нь хүн төрөлхтний хувьд сүйрэл (апокалипсис) авчрах болно" гэж анхааруулжээ.
Нийтдээ нэг тэрбум гаруй DALY-ийн хохиролд хүргэж болзошгүй бусад аюулуудад агаарын бохирдол, эмийн үйлчилгээнд тэсвэртэй нян, хүүхдийн хоол тэжээлийн дутагдал, уур амьсгалын өөрчлөлт, уламжлалт зэвсэгт мөргөлдөөн, гадаад тусламжийн бууралт, архины хэт хэрэглээ, цусны даралт ихсэлт, орлогын тэгш бус байдал, боловсролын түвшний уналт, байгалийн гаралтай цар тахал, таргалалт, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал, тамхидалт, эрүүл бус хөгшрөлт зэрэг багтсан байна.
Эрсдэлийг үнэлэх хороонд 35 эксперт оролцсон бөгөөд тэдний ажлын үр дүнг Ням гарагт Германы Берлин хотод зохион байгуулагдах World Health Summit арга хэмжээний үеэр танилцуулах ажээ.
Дээр тодорхойлсон 17 аюул заналыг цаашдаа жил бүр шинэ тоо баримтаар шинэчилж, дахин үнэлж байхаар болсон байна.
Судлаачид эрсдэлүүдийг хямрал болон хувирахаас нь өмнө шийдвэрлэхийг дэлхийн удирдагчдад хандан уриалж, үүнд технологийн шинэчлэлд хөрөнгө оруулах, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх зэрэг арга замыг ашиглахыг зөвлөжээ.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
