"3, 6, 11, 15 настай хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нараас зөвшөөрөл авч, эрт илрүүлэгт хамруулна"

Д.Янжиндулам, ikon.mn
16 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл хотын цэцэрлэг, ЕБС-д сурч буй хүүхдүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулж эхэлжээ. Эрт илрүүлгийн үзлэг энэ оны арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас мэдээлснээр цэцэрлэгийн дунд бүлэг буюу 3 настнууд, ерөнхий боловсролын сургуулийн 1, 6, 10 дугаар ангийн сурагчдын эцэг эх, асран хамгаалагч нараас зөвшөөрөл авсны үндсэн дээр эрүүл мэндийн үзлэгт хамруулах юм байна.

Өөрөөр хэлбэл эцэг эх, асран хамгаалагч нарт зөвшөөрлийн хуудас өгөх бөгөөд уншиж, танилцаад зөвшөөрсөн бол хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой богино хэмжээний асуумж бөглүүлсний дараа үзлэгт хамруулах ажээ. 

Зөвшөөрлийн хуудас нь:

  • Эрт илрүүлгийн үзлэгийн зорилго
  • Ямар үзлэг, үнэлгээ хийх
  • Үзлэгийг хэн, хэрхэн хийх
  • Эрсдэлтэй эсэх
  • Мэдээлэл хэрхэн хамгаалагдах тухай мэдээллийг өгөх юм байна.
Хоёр сар үргэлжлэх эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт 265,958 хүүхдийг хамруулах бөгөөд хүүхдийн арьс, үс, хумс, яс, булчингийн хөгжил, цус багадалт, чих, хамар, хоолой, амьсгалын тогтолцоо, хоол боловсруулах эрхтэн систем, амны хөндийн эрүүл ахуй, зүрх судас, нурууны муруйлт, хавтгай тавхай, сэтгэл зүйн үнэлгээ зэрэг багтжээ. Үзлэгийн үр дүнгийн талаарх дүгнэлт, зөвлөмжийг гэр бүл бүрд хүргэнэ.