ОХУ-ын засгийн газар хүрэн баавгайн тоо толгойг хязгаарлах яаралтай арга хэмжээ авахаар болов
Лхагва гарагт Оросын засгийн газар тус улсын хэд хэдэн бүс нутагт хяналтаас гарч, дор хаяж 22 хүний аминд хүрээд буй хүрэн баавгайн тоо толгойг зохицуулах яаралтай арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж эхэлснээ мэдэгджээ.
Төрийн төв хэвлэлийн мэдээлснээр хамгийн сүүлд Оросын алс дорнодын Камчаткийн хязгаарт жимс түүж явсан 23 настай залуу баавгайд бариулж амиа алдсан байна.
Өнгөрсөн долоо хоногт Сибирт нэгэн эмэгтэй гэрийнхээ хашаанд баавгайд бариулж амиа алдсан хэрэг гарсан бөгөөд улс орон даяар ийм төрлийн халдлага нэмэгдэж буйг шинжээчид уур амьсгалын өөрчлөлт болон хүмүүсийн хариуцлагагүй байдалтай холбон тайлбарлаж байгаа юм.
"Баавгайн тоо толгой өсөхийн хэрээр асуудал ч мөн нэмэгдэж байгаа нь тодорхой байна. Хүн болон амьтан аюулгүй зэрэгцэн орших нөхцөлийг бүрдүүлж, шаардлагатай тэнцвэрт байдлыг хадгалахын тулд цогц арга хэмжээ авах шаардлагатай" гэж засгийн газрын шадар сайд Дмитрий Патрушев хэлжээ.
"Үүнтэй холбогдуулан Оросын засгийн газар одоогоор нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх хэд хэдэн арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж байна" гэж тэрбээр нэмж хэлсэн юм.
Засгийн газраас хүрэн баавгай агнах квотыг цуцлах боломжийг судлах, бүс нутгийн хэмжээнд баавгайн тоо толгойн дээд хязгаарыг тогтоох, тоо толгойг хянах нэмэлт эрх мэдлийг орон нутгийн удирдлагад олгох, мөн уг асуудлыг шийдвэрлэхэд нэмэлт санхүүжилт шаардлагатай бүс нутгуудыг тодорхойлох зэрэг арга хэмжээнүүдийг авахаа мэдэгдэв.
Өвөл богино, дулаан болсон зэрэг шалтгааны улмаас сүүлийн гучин жилийн хугацаанд хүрэн баавгайн тоо толгой хоёр дахин өсөж, 308 мянгад хүрчээ. Орос даяар энэ хавраас хойш баавгайн халдлагад дор хаяж 22 хүн амиа алдсаныг "РИА" агентлаг мэдээлсэн байна.
Шинжээчдийн үзэж буйгаар энэ жил хавар эрт эхэлж, хуурайшилт ихтэй байснаас есдүгээр сард баавгайн идэш тэжээл болох жимс хомстсон тул тэд хоол хайж алс хол явахаас өөр аргагүйд хүрчээ.
Мөн хүмүүс хоол хүнсний хаягдлаа ил задгай орхин баавгайг татах зэргээр аюулгүй байдлын дүрмийг үл тоомсорлосон алдаа гаргадгийг шинжээчид анхааруулж байна.
Нутаг дэвсгэртээ 27,000 орчим баавгайтай Красноярск мужийн хуулийн байгууллага өнгөрсөн долоо хоногт орон нутгийн байгаль орчны албан тушаалтнуудын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Зөвхөн есдүгээр сард тус мужид долоон хүн хүн баавгайд бариулж амиа алдсан бөгөөд үүнийг албан тушаалтнуудын хайхрамжгүй байдлаас болсон гэж үзэж байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
