Л.Оюун-Эрдэнэ: Г.Занданшатар Б.Энхбаяраар хөлөө боолгож унасан. Одоо Н.Учрал хоолойгоо боолгож унаж магадгүй

А.Ням-Өлзий, iKon.mn
2 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Чуулганы нээлтийн дараа Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

Хэвлэлийнхэн түүнээс УИХ дахь МАН-ын бүлгийн хагарал хурцадсан эсэхийг тодруулсан юм.

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Би одоо бүлгийн хурлаас мэдээлэл авъя гэж бодож байна. Бүлэг дээр асуудлуудаа ярих байлгүй. Би 4-5 хоногийн өмнө УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал нартай байгаль орчны асуудлаар уулзсан. Нэлээн урт уулзалт болсон. Тэр үед уур амьсгал зүгээр байсан. Сүүлийн хоёр хоногийн хугацаанд л гэнэтийн үйл явдлууд гарлаа. С.Амарсайхан их муу хүн болж байх шиг байна.

Хэвлэлийнхэн ч, парламент ч тэр том зургаа харж, төсөл хөтөлбөрүүдээ анхаардаг байхгүй бол монголын парламент удганы хэрэг шүүдэг болох гээд байна.

Манай мөрдэстэнгүүд Хууль зүйн сайдынхаа эсрэг мэдээлэл хийж байна гэдэг нь хуулийн сайдаас дээгүүр албан тушаалтан чиглэл өгч байна гэсэн үг. Хэрэв тийм асуудал байгаа бол ярилгүй яахав. Гэхдээ яагаад заавал намрын чуулганы өмнө ярив. Гэнэт ийм зүйл ярьсан нь улс төртэй холбоотой. Энэ асуудлыг бүлэг дээр нээлттэй яриасай гэж бодож байна.
Одоо Засгийн газар огцроод байдал сайжрах уу гэдэгт эргэлзэж байна.

Хамтарсан Засгийн газрын үед хэдэн хүн сайд болох гээд “АН-д хамаг гоё яамаа өгчихлөө” гэдэг л шалтаг гаргаж ирсэн. 2-ын А гэж нэрлэгддэг Б.Энхбаяр тэргүүтэй хэдэн далдаакудаас болж л ийм зүйл болсон.

Би өмнө нь Н.Учрал Ерөнхий сайдад өөрийн толгойтой байгаарай гэж хэлж байсан.

Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа хоёрын асуудал, Х.Нямбаатарыг махны үнээс болж хөөж явуулсан явдал, одоо С.Амарсайхантай холбоотой асуудлыг Н.Учралаас үл хамааран явагдаж байгаа болов уу гэж найдаж байгаа. Н.Учрал өөрөө улс төрийн дүгнэлт хийх ёстой. Одоо өөрийнхөө тооцоогоор, өөрийнхөө улс төрийн хийхгүй бол хүний тавьсан занганд орж, гар хөл болж болохгүй.

Г.Занданшатар Б.Энхбаяраар хөлөө боолгож унасан. Одоо Н.Учрал хоолойгоо боолгож унаж магадгүй. Засгийн газрын хэрэг эрхлэх газар бол эв нэгдлийг хангах ёстой газар. Гэтэл С.Амарсайхантай холбоотой саяны үйл явдлыг Б.Энхбаяр зохион байгуулсан байх магадлалтай гэж би хардаж байгаа, өмнөх Хууль зүйн сайд учраас. Намын ерөнхий нарын бичгийн дарга, бүлгийн дарга, ЗГХЭГ-ын дарга нар Ерөнхий сайддаа дэмжлэг үзүүлж ажиллахгүй бол Ерөнхий сайдын цаг хүрэлцдэггүй. Ерөнхий сайддаа аж ахуйн ажил хийх боломжийг нь энэ хүмүүс олгох ёстой" хэмээн ярилаа.