Сүүлийн таван жилийн хугацаанд прокурорын байгууллагаас улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 243 хүнийг цагаатгуулжээ

Г.Мөрөн, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Прокурорын байгууллагаас Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажилладаг.

Энэхүү ажлын хүрээнд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос ирүүлсэн хүсэлт, иргэдээс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгуулахаар гаргасан өргөдлийг тус тус үндэслэн шинээр илэрсэн нөхцөл байдлаар хэрэг үүсгэн шалгадаг.

Прокурорын байгууллага 1990 оноос хойш Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн үйлчлэлд хамаарах 24,907 хэрэгт хяналт тавьснаас улс төрийн хилс хэрэгт баривчлагдан мөрдөгдсөн 2,779 хүнийг прокурорын тогтоолоор хэлмэгдсэнд тооцон цагаатгаж, ял шийтгүүлсэн 24,592 хүнийг цагаатгуулахаар Улсын дээд шүүхэд эсэргүүцэл, дүгнэлт бичиж, хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулах шийдвэр гаргуулжээ.

Сүүлийн таван жилийн хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн эсэхийг тогтоох зорилгоор 993 хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шалгах хэрэг үүсгэн хяналт тавьж, 243 хүнийг цагаатгасан.

Үүнээс улс төрийн хилс хэрэгт баривчлагдан мөрдөгдсөн 169 хүнийг прокурорын тогтоолоор, ял шийтгүүлсэн 74 хүнийг Улсын дээд шүүхийн шийдвэрээр цагаатгуулсан байна гэж Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээлэв.