"Гацуурт" компанийн захирал Л.Чинбат зургаан адуу дайрч осол гаргажээ
Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд энэ сарын 1-ний өдөр зам дээр зургаан адуу дайрсан осол гарчээ. Уг ослыг "Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбат гаргасан байна.
Тэрбээр Зэлтэрээс Цагааннуур чиглэлийн төв замд "Toyota Land-300" маркийн автомашин жолоодож явсан бөгөөд засмал замаар гарч явсан адуунаас зургааг нь дайрчээ. Ослын улмаас түүний жолоодож явсан машин эвдэрсэн тул сумын цагдаагийн хэсгийн журмын хашаанд машинаа орхисон байна.
Цагдаагийн байгууллагын бүртгэлд уг ослын талаар "Сэлэнгэ аймаг: "Цагааннуур сумд төв зам дагуу 5 тооны адуу мөргөчихлөө" гэсэн мэдээллийг 09-р сарын 01-нд авч шалгахад: Л.Ч /эр.64н/ нь "Toyota Land-300" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад 5 тооны адуу мөргөж, жолооч нь гэмтсэн гэх хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар шалгаж байна" гэж бүртгэсэн байна.
Гэвч бодит байдал дээр зургаан адуу дайрсан бөгөөд машинд мөргүүлсэн зургаан адууны тав нь газар дээрээ үхсэн бол нэг адууны хөл нь гэмтэж, эмчлэх боломжгүй болсон байж.
Зэлтэрээс Цагааннуур руу орох замд мал гарч ирж болзошгүйг анхааруулсан тэмдэг тэмдэглэгээ байдаг. Гэвч жолооч эхний адууг мөргөөд хурдаа хасалгүй цааш явж олон адуу дараалан дайрсан ноцтой осол гаргасан байна.
2026 оны есдүгээр сарын 1-нд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд гарсан зам тээврийн ослын зураг
Эргэн сануулахад, "Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбат өмнө нь бусдыг машинаар дайрах оролдлого хийж буй бичлэг цахим орчинд тарж байсан. Тэрбээр энэ үйлдлээ "Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна" хэмээн тайлбарласан байдаг.
Энэ хэргийг хуулийн байгууллага шалгасны үндсэн дээр шүүхээс Б.Чинбатыг худал мэдээлэл тараасан гэж үзээд, түүний зорчих эрхийн хоёр сар хязгаарлах шийдвэр гаргаж байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!







