Гамшгаас 10 минутын өмнө яаралтай арга хэмжээ авсан Балбын сургуулийн захирал 900 хүүхдийн амийг аварчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Балба-Төвөдийн хил дээр тохиосон байгалийн гамшигт амиа алдсан хүний тоо 797 хүрээд байна. Сураггүй алга болсон 3,000 гаруй хүн байгаа тул амь үрэгдэгсдийн тоо цаашид өсөх нь тодорхой болсон.

Тэгвэл Балбын Нувакот дахь Трибхуван Тришули дунд сургуулийн захирал Ражендра Давади гамшгийн өмнөхөн 900 хүүхдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж чадсанаар амийг нь аварчээ.

Тэрбээр орон нутгийн цагаар өглөөний 9:10 цагт аюул ирж буй талаар дөрвөн хүнээс утасны дуудлага авмагцаа хүүхдүүдийг өндөрлөг газар руу гүйлгэж, дүүрэн хүүхэдтэй сургуулийн автобуснуудыг яаралтай холдуулсан байна.

“Хэрвээ бид хурдан шийдээгүй бол, ердөө 10 минут хоцорсон бол би болон манай сурагчид өнөөдөр ингээд сууж байхгүй байлаа” гэж тэр ярьжээ.

“Нэг эцэг охиноо сургуулиас авахаар ирээд их үер буух гэж байгааг надад хэлсэн. Эцэг эхчүүд ямар ч шалтгаангүйгээр ингэж ирэхгүй тул би нэг ч хором алдаж болохгүйг ойлгосон. Үер азаар сургуулийг дайрахгүй байж болох байсан ч энэ нь ердөө нэг өдрийн хичээлийн асуудал байлаа. Бид маш олон хүний амийг аварсандаа баяртай байна” гэж Давади хэлсэн юм.

Хүүхдүүдийг өндөрлөг газарт гаргасны дараахан голын эргээс 100 метрийн зайд оршдог зочид буудал усанд бүрэн автахыг тэр харжээ.

Багш нар, хүүхдүүд эхлээд зэргэлдээ тосгон руу алхах төлөвлөгөөтэй байсан ч хөрсний гулсалт, үерийн усны улмаас зам боогдсон тул аврагчдыг ирэх хүртэл хээр хоёр хоносон байна.

“Хэрвээ бид хэдхэн минут хоцорсон бол сургуулиас юу ч үлдэхгүй, зөвхөн 9:30 цагт завсарлагын хонх л дуугарах байжээ” гэж Давади ярьжээ.

Дараах харьцуулсан зураг дээр өмнө нь сургууль ямар байсан, дараа нь сургуулийн барилга бүхэлдээ хөрсний нуралтад дарагдсан байгааг харуулж байна.

зураг
 

 

Эх сурвалж: BBC