Венесуэлийн 65 тэрбум баррель газрын тосны нөөцийг АНУ хяналтдаа авах түүхэн тохиролцоонд хүрснийг Трамп зарлав
Венесуэлийн 65 тэрбум баррель газрын тосны батлагдсан нөөцийг АНУ-ын хяналтад авах гэрээг байгуулснаа ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр зарлаж, үүнийгээ “түүхэн тохиролцоо” гэж магтсан байна.
Тэрбээр энэхүү гэрээ нь Америкийн газрын тосны нөөцийг хоёр дахин нэмэгдүүлж, “америкчуудын худалдаж авдаг бензин шатахууны үнийг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулах” ач холбогдолтойг онцолжээ.
Венесуэлийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Дэлси Родригес уг гэрээ улс орных нь эдийн засгийн сэргэлтэд чухал ач холбогдолтойг сайшаасан байна.
Ираны дайнтай холбоотой АНУ-ын дотоод зах зээлийн бензин шатахууны үнийн өсөлт Трампын засаг захиргаанд хүнд дарамт учруулж байгаа. Арваннэгдүгээр сарын Конгрессын сонгууль ойртож байгаа нь Трампыг улам бүр шахаанд оруулж байна.
Энэ оны эхээр Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчлах тусгай ажиллагаа явуулахдаа Трамп тус улсын газрын тосны нөөцийг ашиглахаа амлаж байсан.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио газрын тосны гэрээг “Америк болон Венесуэлийн ард түмний хувьд асар том ялалт” гэж магтжээ.
“Венесуэлийн ард түмний хувьд энэ гэрээ нь бараг $100 тэрбумын хөрөнгө оруулалт татаж, өндөр цалинтай мянга мянган ажлын байрыг бий болгож, эдийн засгийн сэргэлтэд нь түлхэц болох юм” гэж тэр мэдэгдсэн байна.
Рубио болон батлан хамгаалахын сайд Пит Хэгсэт нар Венесуэлийн удирдлагуудтай “хувийн бизнесүүдээр дамжуулан” тохиролцоонд хүрснийг Трамп тайлбарлаад үүнд Америкийн татвар төлөгчдөөс ямар ч зардал гараагүй баталжээ.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр Венесуэлийн газрын тосны нөөцийг “туршлагатай хувийн операторын” хөрөнгө оруулалтаар олборлох бөгөөд хамтарсан компанийн 55 хувийг АНУ-ын засгийн газар эзэмших гэнэ.
Баасан гарагт Уолл Стрит Журнал сонин АНУ-ын Chevron, Halliburton зэрэг эрчим хүчний аварга компаниуд Венесуэлийн газрын тосны нөөцийг олборлох гэрээ байгуулахад ойрхон болсныг мэдээлж байв.
Goldwyn Global Strategies эрчим хүчний зөвлөх компанийн ерөнхийлөгч Дэвид Голдвин урьд өмнө нь Венесуэлийн газрын тосны нөөцийг олборлох ямар нэг гэрээнд АНУ-ын засгийн газар оролцож байгаагүйг баталж байна.
“Ийм гэрээгээр хөрөнгө оруулалтыг хурдасгаж чадах эсэх нь бүрхэг байна” гэж тэр хэлээд Венесуэлийн улс төрийн тогтворгүй байдал, цахилгаан эрчим хүчний хомсдол, экспортын бага багтаамж зэрэг саад тотгоруудыг дурджээ.
Мөн Венесуэлийн үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд эргэлзэж байгаагаа Голдвин илэрхийлсэн байна.
Гэрээ ёсоор нийтдээ 65 тэрбум баррелийн батлагдсан нөөцтэй газрын тосны 17 стратегийн ордод $100 орчим тэрбумын хөрөнгө оруулалт бий болж, $209 тэрбум гаруй татварын орлого бүрдүүлэхийг Родригес мэдээлжээ.
“Энэ гэрээ газрын тосны үнийг бууруулах нь гарцаагүй. Гэхдээ эдгээр нөөцүүд хэзээ бодитой хөрөнгө оруулалт болж хувирах, үүний дараа хэр удаж байж үр өгөөжөө үзүүлэх нь тодорхойгүй байна” гэж газрын тос, байгалийн хий, эрдэс баялгийн хуулийн мэргэжилтэн Александер Куйпер анхааруулсан байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр Мадурогийн дэглэм түлхэн унагагдсаны дараа ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч болсон Дэлси Родригес дээрх нөөцүүдийг 100 жил ашиглах зөвшөөрлийг АНУ-ын компаниудад өгсөн гэнэ.
Трампын хувьд бусад улсын үндэсний баялагт АНУ-ын засгийн газар шууд хяналтаа тогтоосон урьд өмнө байгаагүй шинэ жишиг тогтоож байгаа юм.
Хоёр улсын хооронд байгуулагдсан гэрээний нөхцөлүүд нийтэд ил болоогүй байна.
Венесуэл бол нийт 303 тэрбум орчим газрын тосны батлагдсан нөөцтэй, энэ үзүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг улс юм.
Гэвч олборлолт нь 1990-ээд оны сүүлээр оргилдоо хүрснээс хойш төрийн хэт оролцоо, АНУ-ын хориг арга хэмжээ зэргийн улмаас огцом унаад байгаа.
Нөгөө талаар Венесуэлийн нөөц нь “хүнд” төрлийнх буюу боловсруулахад нэлээд өндөр зардалтай, голдуу дизель, асфальт зэргийг үйлдвэрлэхэд тохиромжтой тос байдаг.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
