Киевийн ойролцоох зэвсгийн агуулах Оросын нисгэгчгүй онгоцны цохилтод өртсөний улмаас 37 хүний амь үрэгджээ

Т.Давааням, ikon.mn
34 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Киев хотод ойрхон оршдог Украины зэвсэг хадгалах агуулах Оросын нисгэгчгүй онгоцны цохилтод өртсөний улмаас 37 хүн амиа алдаж, зэргэлдээ суурьшлын бүсээс 400 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Баасан гарагийн орой болсон энэхүү цохилтын улмаас тус агуулахад хадгалагдаж байсан сум, мина, нисгэгчгүй онгоцнууд дэлбэрэхэд ойролцоо оршдог ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газар зэрэг байгууламжуудад хохирол учирсныг Украины ерөнхийлөгч Володимир Зеленский мэдээлсэн байна.

Тэрбээр сум хэрэгслийг хадгалах агуулах иргэдийн суурьшлын бүсэд байрлах ёсгүй байсныг хэлж, ийм шийдвэр гаргасан хүмүүст хуулийн хариуцлага тооцох мөрдлөг эхэлснийг бас мэдэгджээ.

Энэ нь сүүлийн саруудад Украины зэвсгийн агуулах Оросын агаарын цохилтод өртсөн хоёр дахь тохиолдол болж байна.

Дэлбэрэлтийн үеэр шархадсан 42 хүний дөрөв нь хүүхэд байсныг орон нутгийн засаг захиргааны тэргүүн Тимур Ткаченко мэдээлжээ.

ОХУ-ын батлан хамгаалах яам тус улсын зэвсэгт хүчин Киев хотын баруун талд оршдог Мила тосгоны “FP-1/FP-2 холын тусгалын нисгэгчгүй онгоцны эд анги, харвагч” зэргийг хадгалдаг

“зэвсгийн агуулах”-д довтолсноо мэдэгдсэн байна.

Дэлбэрэлт тосгоны 130 орчим айлын орон сууцанд эвдрэл гэмтэл учруулжээ.

Долдугаар сард Вишнево дахь зэвсгийн агуулах мөн Оросын цохилтод өртөхөд үүссэн хоёрдогч дэлбэрэлтийн улмаас есөн хүн алагдаж, хэдэн арван хүн шархдаж. 280 гаруй айлын орон гэр гэмтэж байв.

Тиймээс эдгээр дараалсан цохилтууд нь “яагаад зэр зэвсгийн агуулахыг иргэдийн суурьшлын бүсэд ойрхон байгуулсан бэ” гэх асуудлыг сөхөж байна.

Украины ерөнхий сайд Сергей Корецкий өмнөх Вишневогийн алдаанаас суралцаагүй албан тушаалтнуудад харамсаж байгаагаа илэрхийлжээ.

“Тав дахь жилдээ үргэлжилж буй эзлэн түрэмгийлэх дайны турш дахин дахин алдаа гаргаж байгаа нь хайхрамжгүй байдлаас үүдэлтэй гэмт хэрэг юм. Ийм алдааг дахин давтуулахгүйн тулд хариуцсан бүх албан тушаалтнууд ямар ч эргэлзээгүйгээр хатуу шийтгэл хүлээх ёстой” гэж тэр Телеграм хуудсандаа бичсэн байна.

Үүнээс гадна сүүлийн нэг хоногийн дотор Украины бүс нутгуудад Оросын явуулсан агаарын цохилтын улмаас нийтдээ таван хүн амиа алдсаныг Бямба гарагт Киевийн эрх баригчид мэдээлжээ.

Сүүлийн саруудад дайтагч талууд харилцан нэг нэгнийхээ нутаг дэвсгэрт өгөх агаарын цохилтуудаа эрчимжүүлээд байгаа.

Оросын Белгород, Ростов мужуудын нутагт сүүлийн 24 цагийн дотор Украины нисгэгчгүй онгоцнууд довтлоход хоёр хүн алагдаж, 25 хүн шархадсаныг бүс нутгийн эрх баригчид Бямба гарагт мэдээлжээ.

Оросын хяналтад байгаа Запорожье мужийн худалдааны төвд гарсан халдлагын улмаас дөрвөн хүний амь үрэгдсэнийг Москвагаас томилогдсон захирагч бас мэдээлсэн байна.

Оросын хоёр дахь том онлайн худалдааны компани Ozon өнгөрсөн шөнө нэг агуулах нь Украины цохилтод өртөж, өөр нэг ложистикийн төвийн үйл ажиллагааг зогсоон ажилчдаа нүүлгэн шилжүүлснийг баталжээ.

Тус компанийн Краснодар, Дагестан, Ставрополь, Адыгей дахь ложистикийн төвүүд энэ долоо хоногийн эхээр Украины цохилтод өртсөн юм.

 

Эх сурвалж: BBC