35 жил засагласан Норвегийн хаан Харальд 89 насандаа таалал төгсөв

С.Мөнхцэцэг, ikon.mn
26 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Норвегийн хаан Харальд 89 насандаа таалал төгссөнийг тус улсын эрх баригчид Баасан гарагт зарлажээ.

“Эрхэм дээдэс Харальд хаантан өнөөдөр таалал төгссөнд бид гүнээ харамсаж байна. Хаан Харальд наймдугаар сарын 28-ны Баасан гарагийн өглөөний 6:35 цагт Ослогийн Их Сургуулийн эмнэлэгт амар тайван тэнгэрт халив” гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.

Осло хот дахь хааны ордны тугийг ишнийх нь тал хүртэл буулгажээ.

“Бүх үндэстнээрээ эмгэнэн гашуудахын зэрэгцээ түүний Норвегид зориулсан урт удаан амьдралд гүнээ талархаж байна. Хаан Харальд Норвегийг хайрладаг байсан. Норвеги улс хаандаа хайртай байсан” гэж тус улсын ерөнхий сайд Йонас Гар Стор мэдэгдсэн байна.

Европын хамгийн өндөр настай хаан Харальд наймдугаар сарын 17-ны өдрөөс хойш Осло хотын эмнэлэгт хэвтэж байсан юм.

Энэ нь хаантны цусны улаан эсийн тоог хурдтай бууруулсан цус багадалт, түүнээс үүдэлтэй ядаргаа, амьсгаа давчдалт зэргээс болсон байна.

Хааны бие муудаж эхэлсэн тул Пүрэв гарагт гэр бүлийнхэн нь эмнэлэгт цугларсан юм. Тэдний дунд хатан Соня, угсаа залгамжлах хунтайж Хаакон, түүний гэргий Метте-Марит болон тэдний насанд хүрсэн хүүхдүүд байжээ. Энэ өдрөөс эхлэн Норвегийн иргэд эмнэлгийн гадаа цугласан юм.

зураг
 
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

1991 онд хаан ширээнд заларсан Харальд сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн олон асуудалтай тулгарч, зарим ажил үүргээсээ татгалзахад хүрч байв.

Гэсэн ч тэр Норвегийн парламентын өмнө насан туршдаа алба хаах тангараг өргөсөн гэдэг үндэслэлээр хаан ширээнээсээ буухаас татгалздаг байв.

Хөрш Швед, Дани, Их Британийн хаад Харальдын араас эмгэнэл илэрхийлцгээжээ.

зураг
 

Өнгөрсөн нэг жил Норвегийн хааны гэр бүлийнхний хувьд хүнд хэцүү цаг үе байсан юм.

Хааны хатан 89 настай Соня тавдугаар сард зүрхний өвчний улмаас хэсэг хугацаанд эмнэлэгт хэвтэж байв.

Хунтайж Хааконы гэргий Метте-Марит бэлгийн хүчирхийлэгч агсан Жеффри Эпштейнтэй холбоотой байсан хэргээр шалгагдаж байгаа.

53 настай Метте-Марит бас уушгины хүнд өвчтэй болсон тул долдугаар сард уушги шилжүүлэн суулгах мэс засалд орсон юм.

Түүний хунтайжтай гэрлэхээс өмнө төрсөн дагавар хүү Мариус Борг Хойби зургаадугаар сард хоёр удаагийн хүчин, хуучин найз бүсгүйнхээ эсрэг хүчирхийлэл үйлдсэн зэрэг нийт 32 хэрэгт буруутгагдаж, дөрвөн жилийн хорих ял сонссон. Одоо тэр шүүхийн шийдвэрийг давж заалдаад байгаа.

Норвегийн хаан ширээг Харальдын 53 настай хүү Хаакон залгамжилж байна.

 

Эх сурвалж: AFP