Балба-Төвөдийн хил дээр болсон үерт амиа алдагсдын тоо 600 орчим, сураггүй алга бологсдын тоо 2,400 гаруйд хүрлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
35 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хэд хоногийн өмнө Балба-Төвөдийн хил дээр болсон цүнами маягийн хүчтэй үер, хөрсний гулсалтын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо Баасан гарагийн байдлаар 584 хүрсэн байна.

Сураггүй алга болсон хүмүүсийн тоо 2,400 гаруйд хүрсэн тул хохирлын тоо цаашид өсөх нь тодорхой болжээ.

Балбын гамшигтай тэмцэх албаныхан Төвөдийн ариун уул Кайлашд очсон мөргөлчид, уулчид дээр усан цахилгаан станцын 933 ажилчныг нэмснээр уг тоо гарсан байна.

2015 оны газар хөдлөлтөөс хойш Балба улсад ийм их хохиролтой байгалийн гамшиг тохиож байгаагүй юм. Энэ удаагийн гамшиг газар хөдлөлт биш, харин уулын мөсний нуралтаас үүдэлтэй байжээ.

Хилийн нөгөө талд бас аврах ажиллагаа үргэлжилж, Баасан гарагт гамшгийн эсрэг авах шуурхай арга хэмжээний хуралд оролцсон Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин хөрш Балба улсын аврах ажиллагаанд тусламж үзүүлэхийг холбогдох албаныханд даалгасан байна.

зураг
 
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Уулнаас буусан их мөс, ус асар том нууруудыг бий болгосон нь аврах ажиллагааг хүндрүүлж байгаа гэнэ.

Балбын цэргүүд Тришули 3А усан цахилгаан станцын төслийн ажилчдыг ам нь дарагдсан хонгилоос гаргах арга замыг хайж байна.

“Хоёр нисдэг тэрэг ажиллаж байгаа ч хонгил руу нэвтрэх зам олдохгүй тун хүнд байна” гэж Балбын армийн хэвлэлийн төлөөлөгч Ража Рам Баснет хэлжээ.

Одоогоор уг станцын төслийн газраас 350 орчим хүнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн бол 100 орчим хүнийг аврахаар ажиллаж байгаа юм байна.

зураг
 
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Балбын эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрт 1,924 хүн, түүн дотроо 517 гадаадын иргэн сураггүй болсныг Баасан гарагт мэдээлжээ.

Өмнөх өдөр нь энэ тоо 977 байсан юм.

Төвөдийн талд 588 хүн сураггүй болж, таван хүн амиа алдсаныг Хятадын эрх баригчид мэдээлжээ.

Балбын талаас хил даван урсдаг голоос долоон хүний цогцос олдсон нь гамшгийн хохирогчид байж болзошгүйг Энэтхэг улсын эрх баригчид бас мэдээлсэн байна.

 

 

Эх сурвалж: AFP