Япон жүдоч Косүкэ Машияама Монголын шигшээд барилдахаар болжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
7 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Японы жүдоч Косүкэ Машияама Монголын шигшээд барилдахаар болжээ. Өдгөө 27 настай япон эр эрэгтэйчүүдийн 90 кг жинд барилддаг. Тэрбээр 2021 оны Бакугийн Их Дуулга, 2022 оны Токиогийн Их Дуулгад түрүүлж байсан юм. 

Хамгийн сүүлд 2024 оны тивийн аваргад оролцсоноос хойш олон улсын тэмцээнд оролцоогүй Косүкэг жүдогоор дагнаж мэдээлэл бичдэг Judo News Online телеграм хуудсанд Монголын шигшээд барилдахаар болсныг зарлав. Уг мэдээллийг албаны эх сурвалжаас тодруулахад Монголын нэр дээр барилдах болсныг баталсан юм. 

Дээрх телеграм хуудсанд мэдээлснээр түүнээс өмнө эрэгтэйчүүдийн -100 кг-д хүч үздэг жүдоч Кайхан Такаги иргэншлээ сольж, Австралийн нэр дээр барилдах болсноос хойш Японы хоёр дахь жүдоч болсон байна.

Олимпын дүрэмд нэг тамирчин иргэншлээ солихын тулд өмнөх улсынхаа шигшээд барилдаагүй гурван жил болсон байх ёстой. Гэхдээ онцгой тохиолдолд болон хоёр орны холбоо хүлээн зөвшөөрсөн тохиолдолд богино хугацаанд шийдвэрлэх боломжтой юм.

Харин иргэншлээ сольсон тамирчны чансааны оноог өмнө нь хасдаг байсан бол одоо хэвээр нь үлдээдэг болжээ. Харин Косүкэгийн хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд чансаа олгох тэмцээнд оролцоогүй тул ямар нэгэн чансаагүй байна.

Эх сурвалжийн өгсөн мэдээллээр Косүкэ ирэх аравдугаар сард Азербайжаны Баку хотноо болох ДАШТ-д оролцох төлөвлөгөөтэй байна. Одоогоор ДАШТ-д оролцох багийн бүрэлдэхүүн тодорхой болоогүй юм.

Япон эр өөрийн сошиал хуудсандаа өнгөрсөн зургаадугаар сард таван жил ивээн тэтгэсэн клубээсээ гарч байгааг албан ёсоор зарлаж байв.