Дугуйтай хүнд мөргүүлснийхээ дараа Италийн нэг хотын дарга унадаг дугуйг хориглох шийдвэр гаргажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 18 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Италийн аялал жуулчлалын гол төвүүдийн нэг болох Комо хотын дарга цахилгаан дугуйтай хүнд мөргүүлснийхээ дараа өөрийн хотын зарим хэсэгт унадаг дугуйг хориглох шийдвэр гаргажээ.

Авсан арга хэмжээгээ Алессандро Рапинезе олон нийтийн аюулгүй байдлыг бодолцсон шийдвэр гэж тайлбарласан байна.

Ирэх сараас эхлэн Комо хотын 30 орчим гудамжаар зорчихдоо иргэд дугуйгаасаа бууж, алхах ёстой болжээ.

Рапинезе “Хүмүүс өөрт тохиолдсон зүйл дээр үндэслэн шийдвэр гаргадаг. Би эдгээр араатнуудын нэгэнд мөргүүлэх ямар байдгийг сайн мэднэ” гэж Италийн Ansa агентлагт ярьсан байна.

Европын хэд хэдэн хотын удирдлага цахилгаан дугуй болон бусад ганц хүний тээврийн хэрэгслийг хаана, хэрхэн ашиглах талаар хязгаарлалт тогтоосон байдаг.

Рапинезегийн авсан арга хэмжээ нь Комо хотын жуулчдын өсөлтийг зохицуулахтай холбоотой замын хөдөлгөөний шинэ дүрмийн нэг хэсэг юм байна.

Шинэ дүрмээр тус хотын жуулчид ихээр цуглардаг Ромын үеийн түүхэн гудамжнуудад цахилгаан болон ердийн дугуйтай зорчихыг хоригложээ.

Рапинезе өнгөрсөн сард хотын захиргааны байрнаас гарч явах замдаа цахилгаан дугуй унасан хүнд мөргүүлж байв.

Хотын даргыг мөргөөд зугтаасан хүн олдоогүй юм байна.

Комо хотын хөдөлгөөн хязгаарласан бүсүүдэд автомашинууд жилийн хугацаатай олгосон зөвшөөрлийн дагуу нэвтрэх бөгөөд өдрийн хураамж нь 3 евро болжээ.

Дэлгүүр, рестораны хүргэлтийнхэн 06:00-23:00 цагийн хооронд нэвтрэх эрхтэй бол тухайн бүсийн зочид буудалд буусан жуулчид зөвхөн зогсоолтой тохиолдолд автомашинаар хүргүүлэх боломжтой байхаар хязгаарласан байна.

Гэхдээ Рапинезегийн авсан энэ арга хэмжээ зарим хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарчээ. Тухайлбал Комо хотын оршин суугчдын Civitas Como холбоо шүүхэд гомдол гаргасан бол Nova Como хэмээх өөр нэг иргэний байгууллага есдүгээр сарын 12-ны өдөр дугуйтай эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар болжээ.

Комо нь ийм арга хэмжээ авсан Италийн ганц хот биш. Палермо хотын зарим гудамж талбайд унадаг дугуйн хориг 2023 оноос хойш үйлчилж байгаа юм.

Францын нийслэл Парис хот 2023 оноос хойш цахилгаан скүүтерийн түрээсийн үйлчилгээг бүрмөсөн хориглож байв.

 

Эх сурвалж: BBC