Дархан аварга Н.Батсуурь Үндэсний их баяр наадамд нийт 20 удаа барилдаж, 13-д нь шөвгөрлөө
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.
Тус даваанд нэг дархан аварга, дөрвөн улсын арслан, дөрвөн улсын заан, нэг улсын харцага, гурван улсын начин, хоёр аймгийн арслан, нэг аймгийн начин барилдав. Үүнээс гурван УЛСЫН ЗААН цолтон төрж, хоёр улсын заан цолоо баталлаа.
Мөн түүнчлэн Увс аймгийн Ховд сумын харьяат, "Увс Нуур" дэвжээ, "Сүлд" спорт хороо, "Хемон Констракшн" ХХК-ийн бөх Монгол Улсын Дархан аварга Н.Батсуурь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, "Түшээт Ханы Аварга" дэвжээ, "Эрч" спорт хорооны бөх улсын харцага Э.Дашаар долоо давлаа.
Ингэснээр дархан аварга Н.Батсуурь Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны бага болон дунд шөвөгт НЭГ удаа, их шөвөгт ЗУРГААН удаа үлдэж, НЭГ үзүүрлэж, ДӨРӨВ түрүүлсэн амжилттай болж байна.
Тэрбээр 2004 оноос хойш Үндэсний их баяр наадамд нийт 20 удаа барилдаж, 13 удаа шөвгөрсөн амжилт үзүүллээ.
ФОТО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
