Хятадын шүүх Louis Vuitton компанийн логог ашигласан үндэслэлээр өөрийн компанийг $1.5 саяар торгожээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хятадын алдартай цайны сүлжээ Molly Tea барааны тэмдэгтийг хууль бусаар ашигласан үндэслэлээр Францын тансаг эдлэлийн Louis Vuitton компанийн хохирлыг 10.3 сая юаниар ($1.5 сая) барагдуулах шүүхийн шийдвэр гарчээ.

Өнгөрсөн долоо хоногт Хятадын зүүн бүсийн Жянсү мужийн шүүх Шэньжэнд төвтэй тус компани Louis Vuitton-ий алдарт дөрвөн дэлбээтэй цэцгийн бэлгэдлийн загварыг хуулбарласан гэж үзсэн юм.

зураг
 

Тэр үеэс хойш Хятадын сошиал ертөнцөд оюуны өмчтэй холбоотой томоохон маргаан, мэтгэлцээн өрнөж, энэ сэдэвтэй холбоотой хаштаг 400 гаруй сая үзэлттэй, олон арван мянган сэтгэгдэлтэй болжээ.

Пүрэв гарагт Шанхайн зүүн талд оршдог Сужоу хотын шүүх Molly Tea компанид логог ашиглахаа зогсоох, олон нийтээс уучлал гуйх, Louis Vuitton компанийн хохирлыг төлж барагдуулахыг үүрэг болгосон юм.

Мөн Хятадын хэвлэлүүд Molly Tea болон түүний харьяа компаниуд барааны тэмдэгт авах хэд хэдэн хүсэлтийг тус улсын оюуны өмчийн зохицуулах байгууллагад гаргаад татгалзсан хариу авч байсныг нь олж мэдээлжээ.

Шийдвэрийг эсэргүүцэгчид Molly Tea компанийг өмөөрч, Өрнөдийн тансаг эдлэлийн олон брэнд Хятадын эд өлгийн зүйлсээс бэлгэдлийнхээ санааг авсан байдаг тухай шүүмжлэн бичсэн байна.

Вэйбо платформын нэг хэрэглэгч шийтгүүлсэн компанийг дэмжихийн тулд “өдөр бүр нэг аяга Molly Tea уух” хөдөлгөөн өрнүүлэхийг бусдадаа уриалжээ.

Бас нэг хэрэглэгч “ийм энгийн геометр дүрсийг зөвхөн Хятадад ч биш, түүхийн туршид хаа сайгүй ашиглаж байсан” гэж бичсэн байна.

Харин шүүхийн шийдвэрийг дэмжигчид Molly Tea компанийн логог бүтээсэн хүмүүс хууль дүрмээ эхлээд судлах ёстой байсныг хэлж, Louis Vuitton компани барааны тэмдэгтээ түрүүлж бүртгүүлсэн тул маргах эрх байхгүйг тайлбарлажээ.

 

Эх сурвалж: BBC