Австралийн эрх баригчид далайн эрэг дээр гарч ирсэн нууцлаг бөмбөлгүүдийг шалгаж байна
Австралийн эрх баригчид өнгөрсөн амралтын өдөр Күинслэнд мужийн хойд эрэгт гарч ирсэн нууцлаг металл бөмбөлгүүдийн гарал үүслийг тогтоохоор ажиллаж эхэлжээ.
Таунсвилл хотоос хойд зүгт орших Форрест Бичээс зургаан ширхэг ийм бөмбөлөг олдсоныг одоогоор сансрын хаягдал байж болзошгүй гэж үзэж байна.
Аюултай бодис агуулж байж болзошгүй гэсэн үндэслэлээр тусгай хамгаалалтын хувцастай мэргэжилтнүүд тэднийг бэхжүүлсэн торхонд нүүлгэн байрлуулжээ.
Күинслэндийн гал түймэртэй тэмцэх алба Ням гарагт ойр орчмын газарт нь 50 метр үргэлжилсэн тусгаарлах бүсийг байгуулж, цагдаа нар хамгаалалтад гарсан байна.
Мөн тухайн бүс нутагт ийм биеттэй тааралдвал хүрэхээс зайлсхийж, онцгой байдлын албаны утас руу яаралтай залгахыг иргэдэд зөвлөжээ.
Онлайн орчинд зарим хүмүүс эдгээрийг пуужингийн түлшний сав байж болзошгүй тул өндөр шатамхай болон урвалд ордог бодисын үлдэгдэлтэй байх магадлалтай гэж дүгнэсэн байна.
Энэ нь Австралийн эрэг дагуу нууцлаг биет ил гарсан анхны тохиолдол биш юм.
2023 онд баруун Австралийн Перт хотын ойролцоо эрэг дээр гарч ирсэн аварга том металл бөмбөлгийг Энэтхэг улс өөрийн пуужингийн нэг хэсэг болохыг хүлээн зөвшөөрч байжээ.
Энэ удаа олдсон биет нь 2011 онд Африк тивийн Намиби улсын алслагдсан хээр талаас олдсон зүйлтэй төстэй харагдаж байна.
Тухайн үед мэргэжилтнүүд түүнийг сансрын пуужингийн ууршимтгай түлш болох хидразинийг агуулсан сав гэж дүгнэж байжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
