Удахгүй 80 нас хүрэх гэж буй ерөнхийлөгч Трамп гурав дахь эрүүл мэндийн үзлэг шинжилгээндээ хамрагджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хоёр дахь бүрэн эрхийн хугацаа нь эхэлснээс хойш гурав дахь удаагаа эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагджээ.

Тангараг өргөхдөө АНУ-ын түүхэнд хамгийн ахмад ерөнхийлөгч болсон Трамп зургаадугаар сарын 14-ний өдөр 80 хүрэх юм.

Тэрбээр өмнөх ерөнхийлөгч Жо Байдентай өөрийгөө байнга харьцуулж, сэтгэцийн болон бие махбодын хувьд илүү эрүүл саруул байгаагаараа үргэлж гайхуулдаг байсан.

Гэхдээ сүүлийн жил гаруй хугацаанд Трампын эрүүл мэндтэй холбоотой дуулиан тасрахгүй байна. Түүний гарын ар тал хөхөрсөн, хөлийн шагайн хэсэг хавагнасан, хүзүү үрэвсэж улайсан байгаа нь хэвлэлийн дуранд олон удаа өртөж байв. Мөн тэр зарим хурал, олон нийтийн арга хэмжээний үеэр зүүрмэглэдэг болсон.

Өчигдөр Вашингтоны Уолтер Рид эмнэлгээс Цагаан ордон руу буцаж явах замдаа Трамп “Бүх зүйл ТӨГС байлаа” гэж сошиал хуудсандаа бичжээ.

АНУ-ын ерөнхийлөгч нар жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамрагдах ёстой ч Трамп өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хамрагдсаныхаа дараа аравдугаар сард дахин урьдчилан мэдэгдэлгүйгээр эмнэлэгт очсон юм.

Цагаан ордон тухайн үед үүнийг жил бүрийн хуваарьт үзлэг гэж тайлбарлаж байлаа.

Трампын хувьд эрүүл мэндийнхээ талаар мэдээллийг олон нийтээс нууцалдаг гэсэн шүүмжлэлд байнга өртдөг. Цагаан ордон өчигдрийн үзлэгийн үр дүнг мэдээлэхээр төлөвлөж байгаа ч Трампын үзэмжээр хязгаарлагдах нь тодорхой байна.

Хэдийгээр тэр илүүдэл жинтэй, түргэн хоол зооглох дуртай ч өөрийгөө өмнөх аль ч ерөнхийлөгчөөс хамаагүй эрүүл чийрэг биетэй гэж гайхуулдаг.

Энэ сарын эхээр тэр Цагаан ордонд болсон арга хэмжээний үеэр тэр “Би 50 жилийн өмнөх шигээ эрч хүчтэй байна. Түргэн хоол биед сайн байж магадгүй” гэж хэлж байв.

Аравдугаар сард эмнэлэгт очихдоо MRI зураг авхуулсан, энэ үеэр зүрх судас нь “маш сайн” байсныг Трамп зарлаж байлаа.

Тухайн үед Цагаан ордны эмч Шон Барбарелла ерөнхийлөгчийн биологийн нас амьдарсан наснаас нь “14 насаар дүү” байгааг мэдэгдэж байв.

Сүүлийн жилүүдэд Америкийн улс төрд ерөнхийлөгчийн насны асуудал байнга яригддаг сэдэв болоод байна.

2024 оны сонгуулийн үеэр болсон хэцүүхэн мэтгэлцээний дараа 81 настай Жо Байден өрсөлдөөнөөс гарахаас өөр аргагүй болж байв.

Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхлэх хүртэл Байден АНУ-ын түүхэнд хамгийн ахмад насандаа тангараг өргөсөн ерөнхийлөгч байсан юм. Дараа нь энэ алдрыг Трамп эзэмших болсон.

Трамп бас эхний бүрэн эрхийн хугацаагаа 70 настайдаа эхлүүлсэн үзүүлэлтээр АНУ-ын түүхэнд хамгийн өндөр насандаа тангараг өргөсөн гурав дахь ерөнхийлөгч болж байжээ.

 

Эх сурвалж: AFP