NASA саран дээр суурин бааз байгуулах төлөвлөгөөнийхөө дараагийн хэсгийг танилцууллаа
Америкийн үндэсний сансар судлалын байгууллага NASA саран дээр суурин бааз байгуулах ерөнхий төлөвлөгөөнийхөө дараагийн хэсгийг өчигдөр танилцуулжээ.
АНУ 2028 онд ерөнхийлөгч Дональд Трампын бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө саран дээр хүн буулгахаар яарч байгаа.
Өрсөлдөгч Хятад улс 2030 онд саран дээр хүн буулгах төлөвлөгөөгөө зарласан нь NASA-г ийнхүү цаг хугацаагаа урагшлуулахад хүргэсэн юм.
Даваа гарагт Хятадын Шэнжоу-23 хөлөг тус улсын гурван сансрын нисэгчийг өөрийн Тянгон тойрог замын станцад хүргэхээр хөөрсөн.
Гуравдугаар сард NASA сарны өмнөд туйлд 2032 он гэхэд нарны эрчим хүчээр ажилладаг байнгын бааз байгуулах $20 тэрбумын хөтөлбөр зарлаж байв.
Ингэснээр АНУ шинжлэх ухааны туршилт судалгаа явуулах, ховор эрдэс бодисын нөөц олборлох, Ангараг гараг руу илүү хялбар аялах боломжтой болно.
Гэхдээ хөндлөнгийн мэргэжилтнүүд NASA-ийн энэ төлөвлөгөө цаг хугацаандаа биелэхэд хэцүү гэж үзэж байна.
Саран дээр суурин бааз байгуулах төлөвлөгөө нь гурван үе шаттай хэрэгжих ажээ.
Эхний шатанд хүн илгээхээсээ өмнө NASA баазын газар зүйн байршлыг сонгохын тулд судалгааны робот станц, үсрэгч дрон зэрэг техникүүдийг сар руу илгээх гэнэ.
Мөн сансрын нисэгчид сарны гадаргуу дээр жолоодож явах боломжтой, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж зөөвөрлөх тээврийн хэрэгслийг илгээх ажээ.
Эдгээр техникүүдийг зохион бүтээх өрсөлдөөнд Blue Origin, Intuitive Machines, Astrobotic компаниуд шалгарсныг NASA өчигдөр зарласан байна.
Тухайлбал тэрбумтан Жэф Безосын Blue Origin компани саран дээр газардах робот станцыг зохион бүтээхээр болжээ.
Робот машинуудын ажил 2029 он хүртэл үргэлжлэхдээ 25 удаагийн тээвэрлэлтээр нийт дөрвөн тонн ачааг саран дээр буулгах юм байна.
Үүний дараа NASA саран дээр цөмийн болон нарны эрчим хүчний байгууламжууд барихаар төлөвлөжээ. Үүнд цөмийн хуваагдлыг ашиглан эрчим хүч гаргадаг реактор хүртэл байх гэнэ.
Эдгээрийн дараа сарны өмнөд туйлд байнгын бааз байгуулах ажилдаа орох юм байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
