Цэргийн алба шинээр хаах хүмүүсийн $140,000 хүртэл хэмжээтэй өрийг тэглэх хуульд Путин гарын үсэг зуржээ
Даваа гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цэргийн алба шинээр хаах хүмүүс болон тэдний гэр бүлийн хүмүүсийн 10 сая рубль ($140,000) хүртэл хэмжээтэй төлөгдөөгүй өрийг өршөөлд хамруулах хуулийн төсөлд гарын үсэг зуржээ.
Энэ нь Украины эсрэг дайнд байлдах хүн хүчний нөөцийг нэмэгдүүлэхэд санхүүгийн урамшууллыг ашиглах гэсэн хамгийн сүүлийн оролдлого болж байна.
Шинэ хууль 2026 оны тавдугаар сарын нэгнээс хойш Украинд алба хаах нэг жилийн хугацаатай гэрээ байгуулсан ОХУ-ын иргэн бүрд хамаатай ажээ.
Өрийн чөлөөлөлт алба хаагчийн эхнэр буюу нөхөрт бас хамаарах юм байна.
Оросын парламент уг хуулийн төслийг энэ сарын эхээр хэлэлцэж дэмжсэний дараа батлуулахаар Путинд илгээсэн юм.
Украины сөрөг довтолгоо амжилттай болсны дараа Путин 2022 оны есдүгээр сард 300,000 орчим бэлтгэл хүчийг цэргийн албанд дайчлах зарлиг гаргаж байв.
Үүний улмаас олон мянган эрчүүд эх орноосоо дүрвэж, Дагестан зэрэг зарим бүс нутагт эсэргүүцлийн жагсаал өрнөж байлаа.
Тэр үеэс хойш Оросын эрх баригчид шинээр алба хаагсдын мөнгөн урамшууллын хэмжээг аажмаар нэмэгдүүлж, өндөр суурь цалинг хүртэл бий болгосон.
Одоогоор Холбооны засгийн газраас олгодог нэг удаагийн урамшуулал 400,000 рубль ($4,500) байгаа бол орон нутгийн эрх баригчид үүнээс хамаагүй өндөр шагнал амлаж байгаа.
2024 онд Путин зэвсэгт хүчнийхээ идэвхтэй бие бүрэлдэхүүний хэмжээг 2026 он гэхэд 1.5 саяд хүргэх зарлиг буулгаж байв.
2025 онд тус улсын арми 417,000 гэрээт цэргийн алба хаагч шинээр элсүүлсэн гэх тоог албаны эх сурвалж мэдээлжээ.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
