Хурдтай тархаж байгаа Эбола вирусийн эсрэг вакцин 6-9 сарын дараа бэлэн болохыг ДЭМБ мэдэгдэв
Төв Африкийн орнуудад дэгдсэн Эбола вирусийн Бундибугио хувилбарын эсрэг үйлчилгээтэй вакциныг бүтээхэд зургаагаас есөн сарын хугацаа шаардагдахыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өчигдөр мэдэгджээ.
Конго, Уганда улсуудад дэгдсэн уг вирусийн халдварын улмаас сүүлийн байдлаар 139 хүн нас барж, сэжигтэй тохиолдлын тоо 600 хүрээд байна.
Лхагва гарагт Женевт болсон хэвлэлийн хурлын үеэр ДЭМБ-ын ерөнхий захирал, доктор Тедрос Адханом Гебрейесус вирусийн халдвар цааш хурдтай өсөх төлөвтэй байгааг мэдээлжээ.
Албаныхан энэ удаагийн дэгдэлтийг хоёр сарын өмнө эхэлж, тавдугаар сарын эхээр болсон нэгэн оршуулгын арга хэмжээ “супер тархалтын эхлэл” болсон гэж үзэж байна.
Дэгдэлт гарсан Конго улсын Итури мужид сүүлийн саруудад зэвсэгт мөргөлдөөн даамжирч, 100,000 гаруй хүн орон гэрээсээ дүрвэсэн нь вирусийн тархалттай тэмцэх хүчин чармайлтад саад учруулж буйг Тедрос хэлжээ.
Саяхан АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио энэ удаагийн дэгдэлтийг “бага зэрэг хожуу” зарласан гэж ДЭМБ-ыг шүүмжилсэн юм.
Тедрос үүнийг АНУ-ын эрх баригчид нөхцөл байдлын талаар “ойлголт дутмаг” байсантай холбоотой гэж тайлбарлажээ.
“Нарийн бичгийн даргын хэлсэн зүйлээс харахад энэ нь олон улсын эрүүл мэндийн дүрэм журам хэрхэн ажилладаг, ДЭМБ болон бусад байгууллагуудын үүрэг хариуцлага юу болохыг ойлгоогүйтэй холбоотой байж болох юм. Бид тус улсын өмнөөс ажил үүрэг гүйцэтгэхгүй, зөвхөн дэмжлэг үзүүлдэг” гэж тэр хэлсэн байна.
Трампын засаг захиргаа энэ оны эхээр АНУ-ыг ДЭМБ-аас гаргасан юм.
Эбола вирусийн Бундибугио хувилбарын эсрэг вакциныг бүтээхдээ уг вирусийн Зайрын хувилбар дээр өмнө гаргасан вакцин дээр үндэслэвэл хамгийн үр дүнтэй байж болохыг ДЭМБ-ын судалгаа, хөгжлийн асуудал хариуцсан доктор Васи Мурти өчигдрийн хурлын үеэр мэдээлжээ.
“Одоогоор клиникийн туршилтад ашиглах хэмжээний вакцин бидэнд байхгүй байна. Ийм вакцин бүтээхэд зургаагаас есөн сарын хугацаа шаардлагатай” гэж тэр хэлсэн юм.
Конгод дэгдсэн эбола вирусийн тархалтын талаар Африк тивийн эрүүл мэндийн байгууллагууд Баасан гарагт анх зарлаж байв.
Дараа нь Ням гарагт ДЭМБ үүнийг “олон улсын анхаарлын төвд байгаа нийтийн эрүүл мэндийн онц байдал” гэсэн ангилалд оруулснаа зарласан.
Конгод ажиллаж байсан иргэн нь халдвар авсны дараа АНУ-ын засаг захиргаа Даваа гарагаас эхлэн хилийн хяналтаа чангатгах арга хэмжээ аваад байна.
Тедрос өчигдөр нөхцөл байдлыг үнэлэхдээ “тахлын эрсдэл бүс нутгийн хэмжээнд өндөр, дэлхийн хэмжээнд бага” гэж дүгнэжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

