Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүлж, Хууль зүйн байнгын хороонд танилцуулав

Н.Эрхбаяр, iKon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар /2026.05.12/ Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг хэлэлцлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшигчийг ШЕЗ-ийн дарга П.Золзаяа УИХ-д танилцуулав.

Сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд 16 хүн материалаа ирүүлсэн, бичгийн шалгалтад 5 хүн тэнцсэн, дараагийн шатанд нэг хүн тэнцсэн нь Т.Өсөхбаяр гэв.

Т.Өсөхбаярын намтар:

Нэр дэвшигч Төмөрбаатарын Өсөхбаяр нь 1976 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 50 настай, эрэгтэй. Ам бүл 5-уулаа.

  • 1984-1994 онд Сүхбаатар аймгийн нэгдүгээр бүрэн дунд сургууль,
  • 1995-1999 онд “Их засаг” их сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгсөж,
  • 2010-2020 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд суралцан хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан.

Ажилласан байдал:

  • 2000 онд Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,
  • 2000-2001 онд Нийслэлийн шүүхэд жижүүр,
  • 2001-2003 онд Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,
  • 2003 онд Улсын дээд шүүхэд нийт шүүгчдийн хуралдааны зохион байгуулалтын асуудал хариуцсан шинжээч,
  • 2003-2006 онд Улсын дээд шүүхэд Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн туслах,
  • 2006-2009 онд Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч,
  • 2009-2012 онд Баянгол дүүргийн шүүхийн шүүгч,
  • 2012-2013 онд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч,
  • 2013-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч,
  • 2015 оноос Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчээр ажиллаж байна.

Нэр дэвшигч Т.Өсөхбаяр нь төрийн албанд 26 жил, шүүгчээр 20 жил 1 сар, үүнээс давж заалдах шатны шүүхэд 13 жил 4 сар ажиллаж байгаа. Шүүгчид нэр дэвшигчдийн шалгалтад Т.Өсөхбаяр нь нийт 78.72 оноо авч тэнцэн нэгдүгээрт эрэмбэлэгдсэнийг тогтоолоор баталгаажуулан танилцуулж байгаа аж.

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцсан талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-д танилцуулахаар боллоо.