Хантавирусийн халдвар авсан Францын иргэний бие муудаж, хиймэл амьсгалын аппаратад шилжжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
24 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хантавирусийн халдвар тархсан круйз аяллын хөлгөөс эх орондоо буцаж ирсэн Францын иргэн эмэгтэйн бие эрс муудаж, хиймэл амьсгалын аппаратад орсныг Парисын эмнэлгийн захиргаа өчигдөр мэдээлжээ.

Уг дэгдэлтээр халдвар авсан нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан зорчигчдын тоо 11 хүрээд байна.

Гуравдугаар сарын сүүлээр Аргентины өмнөд эргээс хөдөлсөн хөлгийн зорчигчдоос Нидерландын хос, Германы нэг иргэн нийт гурван хүн бас бараад байгаа.

Тэднийг уг дэгдэлтээр вирусийн халдвар авсан анхны өвчтөнүүд гэж үзэж байна.

Ням гарагийн өглөө Испанийн Тенериф аралд ирсэн MV Hondius хөлгийн 150 орчим зорчигчийг тус тусын эх оронд нь нүүлгэн шилжүүлж, тусгаарлах арга хэмжээ аваад байгаа.

Аяллаас буцаж ирсэн нэг зорчигчийн зүрх, уушги муудаж, амь насанд нь ноцтой эрсдэл үүсээд байгааг Парис хотын Бишат эмнэлгийн халдвар өвчний мэргэжилтэн Савье Лескюр мэдээлжээ.

Хиймэл амьсгалын аппаратад оруулсныг тэр “эрүүл мэндийн шуурхай тусламжийн сүүлчийн шат” гэж тайлбарласан байна.

Өвчтөн эмэгтэй нь 65-аас дээш настай, архаг суурь өвчтэй нэгэн болохыг Лескюр мэдээлсэн ч илүү дэлгэрүүлээгүй юм.

MV Hondius хөлгийн аяллаас Францын 22 иргэн эх орондоо буцаж ирээд тусгаарлагдсан. Бусад зорчигчдыг шинжилгээнд хамруулсан, биеийн байдал сайн байгааг тус улсын эрүүл мэндийн сайд Стефани Рист мэдээлжээ.

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон хантавирусийн нөхцөл байдал одоогоор “бүрэн хяналтад байгааг” баталсан байна.

Бүх зорчигчдоо буулгасан MV Hondius хөлөг одоо өөрийн эх орон Нидерландыг зорьж яваа. Тэнд хөлгийг цэвэрлэх, ариутгах арга хэмжээ авах юм.

Одоогоор хантавирусийн халдварын батлагдсан болон сэжигтэй тохиолдлууд бүгд аяллын зорчигчид болон хөлгийн багийн гишүүдийн хүрээнд хязгаарлагдаж байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) мэдээлжээ.

“Илүү том дэгдэлт эхлэх шинж тэмдэг одоогоор бидэнд харагдахгүй байна. Гэхдээ уг вирусийн халдварын шинж тэмдэг илрэх хугацаа урт байдгийг харгалзан үзвэл ирэх долоо хоногуудад тохиолдлын тоо нэмэгдэж, нөхцөл байдал өөрчлөгдөж магадгүй юм” гэж ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус хэлсэн байна.

Хамгийн сүүлд батлагдсан тохиолдол MV Hondius хөлгөөс буусан өөрийнх нь иргэн байсныг Испани улсын эрүүл мэндийн яам Мягмар гарагт мэдээлжээ.

Уг өвчтөн одоо Мадрид хотын цэргийн эмнэлэгт тусгаарлагдсан байгаа юм байна.

Одоогоор хантавирусийн эсрэг вакцин байхгүй ч эрт илрүүлэг, эмчилгээгээр нас баралтын түвшнийг бууруулах боломжтойг ДЭМБ баталж байгаа.

 

Эх сурвалж: Associated Press