Өмнөд Солонгосын авиа компаниуд түлшний үнийн өсөлтийн улмаас гадаад чиглэлийн 900 орчим нислэгээ түр зогсоожээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын хямд өртөгтэй үйлчилгээ үзүүлэгч агаарын тээврийн компаниуд Ойрх Дорнодын мөргөлдөөнөөс үүдэлтэй түлшний үнийн өсөлтийн улмаас гадаадын чиглэлийн 900 орчим нислэгээ зогсоож байгааг салбарын албаны хүн Ням гарагт мэдээлжээ.

Зарим компаниуд зургаадугаар сарын нислэгийн хуваариа эцэслэн гаргаагүй байгаа ч нислэгийн тоо цаашид нэмж буурах төлөвтэй байгааг эх сурвалж мэдээлсэн байна.

Тус улсын хамгийн том хямд нислэгийн компани Jeju Air Co., тав, зургаадугаар саруудад хоёр талын 187 нислэгээ зогсоосны дотор Сөүлээс Бангкок, Сингапур, Вьетнамын Да Нан, Фукуок чиглэлийн нислэгүүд багтжээ.

Дөрөвдүгээр сарын сүүлээр тус компани Лаосын нийслэл Вентьян чиглэлийн нислэгээ хоёр сарын хугацаатай зогсоосон юм.

Эдгээр нь Jeju Air Co., компанийн бүх нислэгийн 4 орчим хувь болжээ.

Jin Air Co компани Гуам, Фукуок зэрэг чиглэлийн 176 нислэгээ энэ сарыг дуустал зогсоосон байна.

Зургаадугаар сарын хуваарь гарахад зогсоох нислэгийн тоо нэмэгдэх нь тодорхой болжээ.

Томоохон тээвэрлэгчдээс Asiana Airlines долдугаар сарыг дуустал Пном Пен, Истанбул зэрэг зургаан чиглэлийн хоёр талын 27 нислэгээ зогсоосон байна.

Хамгийн том агаарын тээвэрлэгч Korean Air одоогоор нислэгийн тоогоо танаагүй ч онцгой дэглэмд шилжиж, нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаагаа мэдээлжээ.

Түлшний үнийн өсөлт нь дунд болон алсын чиглэлийн нислэгүүдийн зардлыг өсгөж байгаа юм байна.

Тухайлбал Өмнөд Солонгосоос Зүүн Өмнөд Азийн орнуудыг чиглэсэн нислэгүүд замдаа дахин түлш авах зорилгоор газардах хэрэгтэй болж байгаа гэнэ.

Хоёрдугаар сарын 28-нд эхэлсэн Ойрх Дорнодын дайнаас хойш нисэх онгоцны түлшний үнэ 2.5 дахин өсөөд байгаа.

Тухайлбал гуравдугаар сарын 16-наас дөрөвдүгээр сарын 15 хүртэл хугацаанд онгоцны түлшний жишиг үнэ баррель нь $214.71 болж, хоёр сарын өмнөхөөсөө 150 хувиар өсжээ.

Түлшний зардлын өсөлтийн нөлөөг бууруулахын тулд агаарын тээврийн компаниуд ажилчдадаа цалингүй чөлөө олгох, нэмэлт урамшууллаа танах зэрэг бусад арга хэмжээнүүдийг авч эхэлсэн байна.

 

Эх сурвалж: Yonhap News