Хантавирусийн халдвар дэгдсэн хөлгийн аяллаас эх орондоо буцаж ирсэн Францын иргэнээс өвчний шинж тэмдэг илэрчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 14 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Үхлийн аюултай хантавирусийн халдвар дэгдсэн 150 орчим зорчигчтой аяллын хөлөг Ням гарагт Испанийн Тенериф аралд ирсний дараа улс орнууд өөр өөрийн иргэдийг татаж авах нислэгийг зохион байгуулсан.

Тэгвэл уг хөлгөөс эх орондоо буцаж ирсэн таван хүний нэгээс нь вирусийн халдварын шинж тэмдэг илэрсэн тухай Францын ерөнхий сайд Себастьян Лекорну мэдэгджээ.

“Тэдний нэгээс эх орондоо буцах онгоцонд зорчиж байх үед нь шинж тэмдэг илэрсэн. Эдгээр таван зорчигчийг дараагийн арга хэмжээ авах хүртэл нэн даруй хатуу чанд тусгаарлаж байна” гэж тэр сошиал хуудсаараа мэдээлсэн байна.

MV Hondius круйз аяллын хөлгөөс Тенериф аралд буусан Францын таван иргэнийг тээвэрлэсэн онгоц орон нутгийн цагаар Ням гарагийн 16:30 цагт Парис хотын нисэх буудалд газарджээ.

Тэднийг таван түргэний автомашинд тус тусад нь суулган цагдаагийн хамгаалалт дор Парисын Бишат эмнэлэгт хүргэсэн байна.

Анхны төлөвлөгөөгөөр тэднийг 72 цаг тусгаарлах байсан ч одоо 45 хоног тусгаарлаж, эмчилсний дараа гэрт нь хариулахаар болжээ.

Тенериф аралд ирэх хөлгийн зорчигчдоос халдварын шинж тэмдэг илрээгүй байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өмнөх өдөр нь мэдээлж байсан юм.

Ням гарагийн үдээс хойш Францын ерөнхий сайд Лекорну эрүүл мэндийн сайд Стефани Рист, дотоод хэргийн сайд Лорон Нунез, гадаад хэргийн сайд Жан-Ноэль Баррот зэрэг албаны хүмүүстэй хөлгөөс ирсэн хүмүүсийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний асуудлаар хуралдсан байна.

Нидерландад төвтэй аяллын компанийн MV Hondius хөлгийн зорчигчдоос гурван хүн нас барсны хоёр нь Нидерландын нэг гэр бүлийн хос, нэг нь Германы иргэн эмэгтэй байсан юм.

Хантавирус нь мэрэгч амьтдаас хүнд халдварладаг үхлийн аюултай вирус. Уг вирусийн Андын хувилбарын өмнөх дэгдэлтийн үеэр хүнээс хүнд халдварласан тохиолдол бүртгэгдэж байжээ.

Аргентины өмнөд эргээс Атлантын далайн төв хэсгийн Кабо Верде арал улсын чиглэлд аялсан MV Hondius хөлөг дээр хантавирусийн Андын хувилбар дэгдсэн нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон.

Уг вирус халдварласнаас хойш зургаан долоо хоног хүртэл хугацааны дараа шинж тэмдэг илэрдэг юм байна.

Гэхдээ ДЭМБ-ын удирдлага энэ удаагийн дэгдэлтийг 2020 оны коронавирусийн цар тахал шиг өндөр эрсдэлтэй биш гэж үзэж байна.

 

Эх сурвалж: AFP