Д.Баасан: 2026 оны "Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого"-д өмчийн бүх хэлбэрийн байгууллага хамрагдана

Б.Бадамгарав, IKon.mn
7 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ) таван жил тутамд аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг зохион байгуулдаг.

Найм дахь удаагийн тооллого 2026 оны дөрөвдүгээр сарын 15-н буюу өнөөдрөөс эхэлж буй бөгөөд тавдугаар сарын 15-ныг дуустал үргэлжилнэ.

Энэ талаар ҮСХ-ны Бодлого, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Баасан "Аж ахуйн нэгж, байгууллагын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, салбарын өсөлт хөгжилт, аж ахуйн нэгж, байгууллагуудад зориулж төрөөс ямар бодлого шийдвэр гаргах шаардлагатай вэ зэрэг олон талын мэдээллийг энэхүү тооллогын үр дүнгээс мэдэх боломжтой байдаг.

2026 оны "Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого"-ын онцлог нь бүртгэл суурилсан аргаар зохион байгуулна. Аж ахуйн нэгж, байгууллагуудын мэдээллийг хадгалдаг төрийн 12 байгууллага бий. Эдгээрийн мэдээллийн санг нэгтгэсэн. Аж ахуйн нэгж, байгууллагууд www.2026.mn сайтад нэвтэрч төрд байгаа мэдээллийг шалгаад, зөрүүтэй байвал засаж, төрд байхгүй мэдээллээ оруулна.

Энэхүү тооллогод 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар бүртгэлтэй, өмчийн бүх хэлбэрийн байгууллага хамрагдана. Үйл ажиллагаа явуулдаг, явуулдаггүй эсэхээс үл хамааран тооллогодоо хамрагдах шаардлагатай.

Систем өнөөдрийн 15:00 цагт нээгдэнэ" гэлээ.

2025 оны байдлаар улсын хэмжээнд бүртгэлтэй 263.4 мянган аж ахуйн нэгж, байгууллага байгаагаас 116.8 мянга нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Мөн үүний 70 хувь нь нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна.

Статистикийн тухай хуульд заасны дагуу Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг 1991, 1994, 1998, 2006, 2011, 2016, 2021 онуудад зохион байгуулжээ. ҮСХ цаашид аливаа тооллого зохион байгуулахдаа бүртгэлд суурилсан аргыг ашиглан аж ахуйн нэгжийн талаарх мэдээллийг төрийн байгууллагуудын суурь болон төрөлжсөн мэдээллийн сангаас бүрдүүлж, цахим систем нэвтрүүлэхээр зорьж буйгаа илэрхийлсэн. Ингэснээр мэдээллийн давхардлыг бууруулах, төсөв, цаг хугацаа хэмнэх, мэдээлэгчийн ачааллыг бууруулах, статистикийн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, тооллогыг жилийн давтамжтай зохион байгуулах давуу талтай юм.