АНУ-ын ерөнхийлөгч Трампыг үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу огцруулахыг CIA-ийн захирал асан уриалжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг албан тушаалаас нь албадан огцруулахыг шаардсан хүмүүсийн тоонд Тагнуулын Төв Газрын (CIA) захирал асан Жон Бреннан нэгджээ.

Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргааны үед CIA-ийн захирлаар ажиллаж байсан тэрбээр Бямба гарагт MS Now сувагт ярилцлага өгөхдөө Ираны соёл иргэншлийг устгахаар заналхийлсэн, олон хүний амь насанд аюул учруулах тогтворгүй байр суурь байнга илэрхийлж байгаа зэрэг нь Трампыг ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлөх хангалттай үндэслэл болохыг хэлсэн байна.

“Энэ хүн илт тэнэг зүйл хийх болсон. Үндсэн хуулийн 25 дугаар нэмэлт өөрчлөлтийг Дональд Трамп шиг хүнд зориулсан гэж би бодож байна” гэж Бреннан хэлжээ.

Зэвсэгт хүчний ерөнхий командлагч гэдэг утгаараа АНУ-ын цөмийн зэвсэг зэрэг асар их хүч, эрх мэдэл Трампын гарт байгаа нь хүлээн зөвшөөрөхөд дэндүү өндөр үүрэг хариуцлага болохыг тэр нэмж хэлсэн юм.

Дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Трамп тулган шаардалтыг нь хүлээж авахгүй бол Ираны “бүхэл бүтэн соёл иргэншил өнөө орой мөхөх болно” гэж сүрдүүлснийг цөмийн зэвсэг ашиглах санаагаа цухуйлгасан үйлдэл гэж Бреннан үзэж байна.

Трампын түрэмгий, доромжилсон үг хэллэг эрчимжихийн хэрээр үндсэн хуулийн 25 дугаар нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэхийг уриалсан Ардчилсан Намын гишүүдийн тоо нэмэгдэж байгаа.

1967 онд АНУ-ын үндсэн хуульд орсон уг нэмэлт нь “албан тушаалынхаа эрх мэдэл, ажил үүргийг гүйцэтгэх чадваргүй болсон” гэсэн үндэслэлээр ерөнхийлөгчийг огцруулах боломжийг дэд ерөнхийлөгч болон засгийн газрын олонход олгодог.

NBC News сувгийн явуулсан сүүлийн үеийн судалгаагаар Конгресс дахь Ардчилсан Намын 70 гаруй гишүүн үүнийг хэрэгжүүлэх уриалгад нэгджээ.

Гэхдээ Трампын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс болон түүний танхимын гишүүдийн үнэнч байдлыг харгалзан үзвэл нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх боломж барах байхгүй байгаа.

Гэсэн хэдий ч АНУ-Ираны энхийн яриа хэлэлцээ бүтэлгүйдсэн, мөн дайн үргэлжлэх магадлалтай болсон зэрэг нь Трампын үг хэллэг, зан авирт санаа зовох хүмүүсийн тоог улам нэмэгдүүлж байна.

Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлснээс хойш өөрийн улс төрийн өрсөлдөгчдийг намнах, өш хонзонгоо авах ажлыг эхлүүлсэн.

Цагаан ордны шахалтаар АНУ-ын хууль зүйн яам долдугаар сард Бреннан болон Холбооны Мөрдөх Товчооны захирал асан Жэймс Коми нарын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.

Үүнээс хойш хоёр сарын дараа Оросын талаас сонгуульд хөндлөнгөөс оролцсон хэргийн мөрдөн байцаалтын талаар 2020 онд Конгресст худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлтэй хоёр зүйл ангиар Комид ял тулгасан ч шүүх сүүлд хүчингүй болгож байв.

Харин Бреннантай холбоотой хэргийн мөрдөн байцаах ажиллагаа одоо үргэлжилж байгаа. Гуравдугаар сард Конгрессын Төлөөлөгчдийн Танхимын хууль зүйн байнгын хорооны дарга, Трампын холбоотон Жим Жордан уг ажиллагаа “гүнзгийрсэн” тухай мэдээлж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian