Унгарын парламентын сонгуульд Путин, Трамп нарын холбоотон ялагдаж, 16 жил үргэлжилсэн засаглал нь өндөрлөлөө

Т.Давааням, ikon.mn
1 цаг 16 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулагдсан Унгарын парламентын сонгуулийн урьдчилсан дүн гарахад тус улсыг сүүлийн 16 жил удирдсан ерөнхий сайд Виктор Орбаны эрх баригч Фидес нам ялагдсан нь тодорхой болжээ.

Тэрбээр Тиса намын дарга Петер Мадьярт баяр хүргэж, сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрсөн байна.

“Сонгуулийн үр дүн харамсалтай ч тодорхой боллоо. Би ялсан намд баяр хүргэж байна” гэж Будапешт дахь сонгуулийн төв байрнаасаа Орбан мэдэгджээ.

зураг
 
Тиса намын дарга Петер Мадьяр

Орбан олон жилийн турш засаглахдаа нэг намын дарангуйлал тогтоож, авлигыг цэцэглүүлж, Бээжин, Москватай харилцаагаа нягтруулсан хэмээн шүүмжлүүлж байлаа.

Мөн тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын үнэнч холбоотон байж, Европын эв нэгдэлд саад учруулж байсан юм.

Санал хураалт хаагдахаас 30 минутын өмнө буюу 18:30 цагийн байдлаар сонгогчдын ирц 77.8 хувьд хүрсэн нь 2022 оны сонгуулиас 10 нэгж хувиар өндөр, коммунизм нуран унаснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Европын нэгдлийг дэмжигч Тиса нам Унгарын парламентад 136 суудал, Орбаны Фидес нам 56 суудал авах урьдчилсан төлөвтэй байна. Хэт барууны Ми Хазанк нам парламентад долоон суудалтай болжээ.

Тиса нам парламентын нийт суудлын гуравны хоёрын (133 суудал) босгыг давсан тул бие даан засгийн газраа байгуулж, Орбаны 16 жилийн турш бий болгосон зүйлсийг өөрчлөх хүчтэй болж байна.

Геополитикийн хувьд энэ сонгууль Унгар улс Орос, Хятадыг дагах уу, эсвэл Европын Холбоог дагах уу гэсэн чухал асуудлыг шийдвэрлэж байгаа юм.

Украины дайн эхэлсний дараа Европын Холбооны бусад гишүүн орнууд Оросын эрчим хүчийг худалдаж авахаа зогсоосон ч тус улс худалдаж авсаар байв.

Мөн Украинд үзүүлэх Европын аливаа тусламж дэмжлэгт Унгар улс хориг тавьдаг байлаа.

Үүнээс гадна Орбаны засаглалын жилүүдэд Хятадын хөрөнгө оруулалт Унгарт эрс нэмэгдсэн.

Сонгуулийн өмнөхөн Орбаны намыг дэмжүүлэхээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнсийг тус улсад илгээсэн ч нэмэр болсонгүй.

зураг
 
Унгарын ерөнхий сайд Виктор Орбан, АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс нар

Сүүлийн жилүүдэд Унгарт хэдэн зуун тэрбум долларын хөрөнгө оруулсан Хятадын компаниуд тогтвортой байдлыг хүсэж байгаагаа илэрхийлж байна.

“Бидний санаа зовж байгаа зүйл бол бодлого тогтвортой, тууштай, ил тод байх эсэх юм” гэж Унгар дахь Хятадын Худалдааны Танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Роберт Зоу хэлжээ.

Тэрбээр танхимынхаа 160 гишүүн компанид шилжилтийн үеийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

Гэхдээ Европын ажиглагчид Тиса намын засгийн газар Хятадын талаарх Унгарын гадаад бодлогыг төдийлөн өөрчлөхгүй гэж үзэж байна.

Олон жилийн турш Орбаны засгийн газар нь Европын Холбооны бодлогод байнга саад учруулдаг байлаа.  Тухайлбал Украинд явуулж буй Оросын эзлэн түрэмгийлэл, Хятадын эрх баригчдын Хонконгийн иргэдийн эсэргүүцлийг дарсан харгислал зэрэгт хариу арга хэмжээ авах бүрд Унгар улс ганцаараа хориг тавьдаг байсан юм.

Сонгуулийн өмнөхөн Европын Холбооны нууц бичиг баримтуудыг илгээхээ ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровт амлаж буй Унгарын гадаад хэргийн сайд Петер Сийяртогийн утасны ярианы бичлэг илэрч, Брюсселийн эрх баригчид үүнд харамсал илэрхийлж байв.

Орбаны засгийн газрын энэ байр суурь Унгар улсыг Европын Холбооны олон тэрбум еврогийн санхүүжилтийг авах боломжгүй болгож байлаа.

 

Эх сурвалж: Reuters