Ли Ин Гын: Авто замын асуудлыг шийдсэний дараа орон сууцны барилгыг төлөвлөх нь илүү үр дүнтэй
Улаанбаатар болон Сөүл хот орон сууцны бодлогын чиглэлээр туршлага солилцох, амжилттай хэрэгжиж буй жишиг төслүүдийг хэлэлцэх, орон сууцны шинэ шийдлүүдийг тодорхойлох, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор нийслэл хотод хоёр өдрийн турш хэлэлцүүлэг зохион байгуулав.
Эхний өдөр Улаанбаатар хотыг тогтвортой, аюулгүй, ухаалаг хот болгон хөгжүүлэх хүрээнд хот байгуулалтын салбарын хүний нөөцийг чадавхжуулж, хотод хэрэгжиж буй дахин төлөвлөлтийн төслүүдийг танилцуулж, тулгамдаж буй асуудлуудыг ярилцан, шийдвэрлэх боломж, арга замыг тодорхойлсон бол дараагийн өдөр нь нийслэлийн ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган, дахин барих төслүүдийг танилцуулж, цаашдын хэрэгжилтийг хэлэлцжээ.
Энэ үеэр Сөүлийн үндэсний их сургуулийн профессор Ли Ин Гын “Би ШУТИС-д хот байгуулалтын тэнхим байгуулах асуудлаар Улаанбаатар хотод ирсэн. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хот төлөвлөлт эмх цэгцгүй тэлэх, зам тээвэр, орон сууц нийлүүлэлт, дэд бүтцийн инженерчлэлийн шугам сүлжээ зэрэг олон сорилт тулгарч байна. БНСУ эдгээр бэрхшээлийг мөн адил туулж ирсэн туршлагатай. Иймд бид хоёр өдрийн хамтарсан хэлэлцүүлгээр сайн туршлагаасаа хуваалцаж, санал солилцлоо.
Аливаа хөгжлийг эхлүүлэхэд хамгийн түрүүнд иж бүрэн төлөвлөлт чухал байдаг. Үүний дараа хотын авто замын сүлжээг зөв зохион байгуулж, үе шаттайгаар хөгжүүлэх шаардлагатай.
Авто замын асуудлыг шийдсэний дараа зам дагасан орон сууцны барилгажилтыг төлөвлөх нь илүү үр дүнтэй. Сөүл хотын хувьд зөвхөн орон сууц барихад анхаардаггүй. Гадна орчны тохижилт, ногоон байгууламжийг цогцоор нь төлөвлөж, дэд бүтцийн бүх асуудлыг иж бүрнээр шийдсэн байдаг” гэв.
“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн захиргаа, санхүүгийн газрын дарга Б.Пүрэвсүрэн: Улаанбаатар хотын хуучирсан орон сууцнуудыг үе шаттайгаар шинэчилнэ. Энэ нь иргэдийн амьдрах орчны чанарыг сайжруулах, мөн хотын хөгжлийн стратегийн чухал хэсэг юм.
Хот байгуулалт, орон сууцжуулалтын бодлого, зохицуулалтын газрын дарга О.Одбаяр: БНСУ-ын орон сууцны бодлого, төлөвлөлтийн талаар хоёр өдрийн турш суралцаж, туршлага солилцлоо. Цаашид Сөүлийн үндэсний их сургуультай гэр хорооллын дахин төлөвлөлтийн чиглэлээр хамтран ажиллах, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, товхимол ном гаргах зэрэг тодорхой шийдэлд хүрч байна.
Хэлэлцүүлэгт Монголын талаас нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хот байгуулалт, хотын стандартын газар, нийслэлийн Орон сууцны бодлогын газар, “Нийслэлийн Орон сууцны корпорац” ХК, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Улаанбаатар орон сууцжуулалт ХХК, НЗХГ, Бодлогын судалгаа шинжилгээний төв зэрэг байгууллага, БНСУ-ын талаас Сөүлийн үндэсний их сургууль, Seoul Housing & Communities Corporation-ийн төлөөлөл оролцжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
