Цагаан ордноос хийсэн ховор мэдэгдэлдээ АНУ-ын тэргүүн хатагтай өөрийгөө Эпштейнтэй холбоотой байсныг эрс няцаажээ
АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп өчигдөр Цагаан ордноос ховор мэдэгдэл хийж, бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейнтэй өөрийг нь холбосон дуулианд хариу өгсөн байна.
Мөн тэр энэ хэргийн хохирогчдыг оролцуулсан нээлттэй сонсгол зохион байгуулахыг Конгрессын гишүүдэд уриалжээ.
Меланиа Трамп товч бөгөөд хатуу үгтэй мэдэгдэлдээ Эпштейнтэй холбоотой байсан болон түүний гэмт үйлдлийн талаар мэдэж байснаа эрс үгүйсгэж, ийм ичгүүртэй худал мэдээлэл тараахаа “өнөөдрийн дотор дуусгавар болгох хэрэгтэй” гэж анхааруулсан байна.
“Би Эпштейний хохирогч биш” гэж хэлсэн тэргүүн хатагтай Эпштейн өөрийг нь Дональд Трамптай танилцуулсан гэх яриаг няцааж, нөхөртэйгөө 1998 онд нэгэн үдэшлэг дээр танилцсанаа баталжээ.
“Миний тухай худал мэдээлэл тарааж буй хүмүүс ёс зүйн хэм хэмжээг уландаа гишгэж, хүндэтгэлгүй хандаж байна. Би тэдний мэдлэггүй байдлыг хүлээн зөвшөөрч болох ч миний нэр хүндийг санаатай гутаах гэсэн хорон санааг нь буруушааж байна” гэж Меланиа мэдэгдсэн юм.
АНУ-ын Конгресст хандаж уриалахдаа тэр “Хэрвээ хүсвэл эмэгтэй хүн бүр өөрийн түүхийг олон нийтэд дэлгэх өдөртэй байх ёстой. Зөвхөн энэ тохиолдолд бид үнэнийг мэдэх боломжтой” гэж хэлжээ.
Нью-Йоркийн нэртэй санхүүч агсан Жеффри Эпштейн 2019 онд насанд хүрээгүй хүмүүсийг бэлгийн мөлжлөгт ашигласан хэргээр баривчлагдсан бөгөөд удалгүй шоронд нас барсан юм.
Түүний үхлийн шалтгааныг амиа хорлолт гэж дүгнэж байв.
Меланиа Трамп мэдэгдэл хийх болсон шалтгаанаа сүүлийн хэдэн жил сошиал ертөнцөд тарсан “хуурамч гэрэл зургууд”-тай холбон тайлбарлажээ.
Гэхдээ хугацааны хувьд яагаад одоо энэ талаар байр сууриа илэрхийлэх болсноо тайлбарлаагүй байна.
“Итгэж байгаа зүйлдээ болгоомжтой хандаарай. Эдгээр зураг, түүхүүд бүгд худал юм” гэж тэр хэлжээ.
Өчигдөр MS NOW мэдээллийн сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр Дональд Трамп гэргийнхээ Эпштейний хэрэгтэй холбоотой мэдэгдлийн талаар асуултад “юу ч мэдэхгүй” гэж хариулсан байна.
Трампын засаг захиргаа Эпштейний хэргийн баримт материалуудыг нийтэд ил болгохтой холбоотой асуудлаар улс төрийн нэлээд хүнд дарамт шахалт амсаж байгаа.
Арваннэгдүгээр сард Конгрессын шахалтаар Трамп уг баримтуудыг ил болгохтой холбоотой хуулийг баталсан. Үүний дагуу энэ оны эхээр АНУ-ын хууль зүйн яам 3.5 сая хуудас материалыг вэб сайтдаа байршуулсан юм.
Эпштейнийг 2019 онд баривчлагдахад Трамп түүнтэй 2000-аад оны дунд үеэс хойш харилцахаа больсон гэж мэдэгдэж байв.
Нью-Йорк хот, Флоридагийн Палм Бич зэрэг газруудад болсон арга хэмжээнүүд дээр тааралддаг байсан ч Эпштейнтэй “хэзээ ч найз байгаагүй” гэж Меланиа өчигдөр мэдэгдсэн юм.
Эпштейний шадар хүн Грислэйн Максвеллтэй харилцаатай байснаа тэр няцааж, нэг удаа цахим шуудан солилцсоноо “санамсаргүй тохиолдол байсан” гэхээс илүү дэлгэрүүлээгүй байна.
Хууль зүйн яамнаас ил болгосон баримтуудад Меланиагаас Максвеллд бичсэн нэг имэйл байсан бөгөөд энэ нь Эпштейний талаар сэтгүүлд гарсан нийтлэлийн тухай байжээ.
“Та зураг дээр гайхалтай сайхан харагдаж байна”, “Нью-Йоркт буцаж ирэхээрээ залгаарай” гэх зэргээр тэргүүн хатагтай уг имэйлд бичсэн байв.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
