Үнэн алдартны шашны Улаан өндөгний баярын үеэр дайны галыг 32 цагийн турш зогсоох зарлигт Путин гарын үсэг зурав

Т.Давааням, ikon.mn
1 цаг 1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Үнэн алдартны шашны Улаан өндөгний баярыг тохиолдуулан Украины дайны галыг 32 цагийн хугацаанд зогсоох зарлигт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр гарын үсэг зуржээ.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский энэ долоо хоногийн эхээр мөн ийм арга хэмжээ авахыг уриалж байсан юм.

Бямба гарагийн 16:00 цагаас эхлэн Ням гарагийг дуустал Оросын зэвсэгт хүчин галаа зогсоохоор болсныг Кремлиэс гаргасан зарлигт өгүүлсэн байна.

Зеленский өөрийн саналыг АНУ-ын зуучлагчаар дамжуулан Оросын талд тавьснаа мэдээлж байв.

Путиний зарлигт Украины тал одоогоор ямар нэг хариу арга хэмжээ аваагүй байна.

Тав дахь жилдээ үргэлжилж буй дайны турш гал зогсоох санаачилга өмнө нь гарч байсан ч бараг хэрэгжиж байгаагүй.

Өнгөрсөн оны Улаан өндөгний баяраар Путин дангаараа 30 цагийн турш гал зогсоох шийдвэр гаргасан ч хэрэгжиж чадаагүй бөгөөд талууд харилцан нэгнээ зөрчсөнд буруутгаж байлаа.

Өчигдрийн зарлигийн дараа Кремлиэс гаргасан мэдэгдэлд Оросын арми “дайсны болзошгүй өдөөн хатгалга, түрэмгий үйлдлийг эсэргүүцэхэд бэлэн байх ёстой. Украины тал ОХУ-ын жишээг дагах болно гэж бид үзэж байна” гэж өгүүлжээ.

Орос-Украины дайныг зогсоох АНУ-ын хүчин чармайлтад одоогоор ямар ч ахиц дэвшил гараагүй бөгөөд Вашингтоны анхаарал Ойрх Дорнодын мөргөлдөөнд шилжээд байна.

Энэ хооронд дайтагч талууд 1,250 км орчим урт үргэлжилсэн фронтын шугам дээр тулалдсаар байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters