Нийслэлийн усны аюулгүй байдлыг хангах Туул усан цогцолбор төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлууд эхэлжээ.
Өнөөдрийн байдлаар төслийн байршлыг сонгох урьдчилсан судалгааг гүйцэтгэж, геологи, газрын хэлбэршил, ус хуримтлуулах боломж зэрэг үндсэн шалгууруудаар харьцуулсан үнэлгээ хийсэн байна. Үүний үр дүнд хамгийн тохиромжтойд тооцогдсон гуравдугаар байршлыг сонгон, цаашдын нарийвчилсан судалгаа, зураг төслийн ажлыг тухайн цэгт төвлөрүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.
“Туул усан цогцолбор” нь гадаргын усыг хуримтлуулах шинэ эх үүсвэр бий болгох бөгөөд урьдчилсан судалгаагаар тус байгууламж 5,569 га ус хурах талбайтай, 50-100 сая шоо метр ус хуримтлуулах хүчин чадалтай байна. Далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр, хурдсын гүн 19.84 метр байх инженерийн үндсэн шийдэлтэй.
Төсөл хэрэгжсэнээр гадаргын усыг зохицуулалттайгаар ашиглах нөхцөл бүрдэж, гүний усны хэт ашиглалтыг бууруулах, үерийн урсцыг зохицуулах, үйлдвэрлэл болон эрчим хүчний салбарын усан хангамжийг нэмэгдүүлэх, улмаар нийслэлийн усны нөөцийн менежментийг илүү тогтвортой, олон тулгуурт бүтэцтэй болгох стратегийн ач холбогдолтой юм гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!