Уншиж байна ...

ГИХГ: БНСУ-ын иргэд манай улсад ажил хэргийн шугамаар ирсэн гэж мэдүүлсэн тул визийн шаардлага тавьсан

А.Ням-Өлзий, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Манай улсыг зорьж ирсэн БНСУ-ын иргэдийг хилээр оруулаагүй талаар нэр бүхий иргэн олон нийтийн сүлжээгээр мэдээлсэн. 

Солонгос иргэдийг ямар шалтгаанаар хил нэвтрүүлээгүй болохыг Гадаадын Иргэн Харьяатын Газраас тодруулахад дараах хариултыг өглөө. 

Тус хариултад "Визийн шаардлагаас түр чөлөөлөх шийдвэрийн дагуу тухайн иргэд нь визгүй ирсэн. Зорчих зорилгыг нь тодруулж ярилцлага хийхэд ажил хэргийн шугамаар ирж байгаа гэж мэдүүлсэн тул зорчих зорилгодоо нийцсэн (ажил хэргийн K1 ангилал) визээ авч орж ирнэ үү гэдэг шаардлага тавьсан.

Өөрөөр хэлбэл, тухайн иргэд ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй. Ажил хэрэг, бизнесийн зорилгоор ирж байгаа гадаадын иргэдэд уригч нь K1 ангиллын виз мэдүүлэх ёстой. Мөн өнгөрөгч арванхоёрдугаар сараас эхлэн Монгол Улсад ажил хэргийн зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдийн эрх зүйн баталгааг хангах, хөрөнгө оруулалтыг татах, зорилгодоо нийцсэн визийг үнэн зөв мэдүүлэх, визийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор ажил хэргийн шугамаар түр ирэх гадаадын иргэнд К1 болон А3 ангиллын арав хоногийн визийг уригчгүйгээр, гадаадын иргэн өөрөө цахимаар мэдүүлэх боломж бүрдсэн" гэсэн байв. 

Ташрамд дурдахад, Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрээр манай улсад 90 хүртэл хоногийн хугацаатай аялал жуулчлалын зорилгоор ирж буй БНСУ-ын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Уг шийдвэр нь энэ оныг дуустал үйлчлэх хугацаатай. 

Харин жуулчлахаас бусад буюу ажил хэргийн шугамаар манай улсад ирэх бол дээрх төрлийн визийг мэдүүлэх шаардлагатай юм.  

ГИХГ-аас манай улсад ирсэн гаднын иргэдтэй холбоотой өнгөрсөн сарын тоо баримтыг танилцуулав. 

Тус газар энэ оны нэгдүгээр сард 8 улсын 95 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаажээ. Монгол Улсын хил дээрээс буцаагдсан иргэдийг улсаар нь авч үзвэл, БНХАУ-ын 74, БНСУ-ын 6, Узбекистан 4, Непал 4, ОХУ-ын 2, Филиппин 2, Киргиз 2, Азербайжан 1 иргэн байна.

Эдгээр иргэд нь ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр хил дээрээс буцаагджээ.