Уншиж байна ...

Шинэ баримт задарсны дараа Трампын худалдааны сайд Эпштейний хувийн аралд очиж байснаа хүлээн зөвшөөрөв

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 49 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын худалдааны сайд Ховард Лютник 2012 онд бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейн агсны хувийн аралд очиж байснаа хүлээн зөвшөөрчээ.

Эпштейний хэргийн шинээр дэлгэгдсэн баримтуудаас түүнийг уг аралд очихоор төлөвлөж байсан тухай мэдээлэл ил болсон юм.

2012 он бол Эпштейн агсан бэлгийн хүчирхийллийн хэргээр анх удаа шүүхээс ял сонссоноос хойш гэсэн үг.

Тиймээс Лютник түүний юу хийдгийг мэддэг байсан нь тодорхой болж байна.

Өчигдөр буюу Мягмар гарагт тэр Сенатын зөвлөлийн гишүүдийн асуултад хариулахдаа “Би түүнтэй үдийн хоол хамт идсэн. Учир нь би тэр үед гэр бүлийн амралтаараа завьтай явж байсан. Эхнэр, дөрвөн хүүхэд, асрагч нар маань хамт байсан. Эхнэр, хүүхдүүдтэйгээ хамт миний харсан цорын ганц зүйл бол тус арал дээр ажиллаж байсан Эпштейний ажилтнууд юм” гэж хэлжээ.

Ингэснээр Лютник өмнө нь ярьж байснаа үгүйсгэж байгаа юм.

Өнгөрсөн онд тэр Pod Force One подкаст сувагт өгсөн ярилцлагадаа 2005 онд Эпштейний хажуу хөрш сууцанд нүүж орсноо мэдээд маш их санаа зовж, түүнтэй хэзээ ч дахин уулзахгүй байхаар эхнэртэйгээ тохиролцсон тухай ярьж байжээ.

“Тиймээс би тэр үеэс хойш түүнтэй хэзээ ч нэг арга хэмжээнд оролцож байгаагүй, бизнесийн ч, сайн үйлсийн ч тэр” гэж Лютник тухайн үед хэлж байв.

Гэсэн хэдий ч АНУ-ын хууль зүйн яамнаас саяхан ил болгосон баримт Манхеттэнд хөрш амьдардаг Эпштейн, Лютник нар 2018 оны хүртэл хоорондоо мессэж солилцсоор байсныг харуулсан юм.

Өчигдөр Сенатын зөвлөлд тэр “Би түүнтэй ямар ч харилцаатай байгаагүй” хэмээн мэлзсээр байжээ.

Орегон мужаас сонгогдсон Ардчилсан Намын сенатор Жефф Меркли түүний үгэнд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна.

“Хүмүүсийн санааг зовоож байгаа шалтгаан нь та өнгөрсөн жил бүх холбоогоо тасалсан гэж ярьсан ч түүнээс хойш найман удаа харилцсанд учир байгаа юм. 2012 онд та гэр бүлтэйгээ хувийн арал руу нь аялахаар төлөвлөж байжээ. Энэ нь та өөрийн сайн мэддэг хүнтэй гэр бүлээрээ уулзалдах гэж байсан мэт сэтгэгдэл төрүүллээ” гэж тэр хэлжээ.

Зарим хууль тогтоогчид Лютникээс албан тушаалаасаа огцрохыг уриалж байлаа.

Харин Цагаан ордон түүнийг хамгаалсаар байв.

“Ерөнхийлөгч Трамп орчин үеийн түүхэнд хамгийн шилдэг, шинэчлэгч танхимыг бүрдүүлсэн. Нарийн бичгийн дарга Лютник, худалдааны яам болон Трампын засаг захиргаа Америкийн ард түмний төлөө ажиллахад бүх анхаарлаа хандуулсаар байна” гэж Цагаан ордны хэвлэлийн албаны ажилтан Куш Десай хэлсэн бол дараа нь Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролин Ливитт “Нарийн бичгийн дарга Лютник нь ерөнхийлөгч Трампын багийн маш чухал гишүүн хэвээр байх болно” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: Reuters