Киев болон Украины бусад хотууд руу довтлохоо нэг долоо хоногийн хугацаанд зогсоохыг АНУ-ын ерөнхийлөгч хүссэнийг ОХУ-ын ерөнхийлөгч хүлээж авсан гэнэ.
Учир нь ойрын өдрүүдэд Украинд цаг агаар хүйтрэх төлөвтэй байгаа бөгөөд Оросын тал энэ өвөл эрчим хүчний дэд бүтцүүдэд агаарын цохилтоо чиглүүлсний улмаас сая сая хүн цахилгаан, халаалтгүй маш хүнд байдалд амьдарч байгаа.
“Хүйтэн, хэт хүйтрэлтэй холбоотойгоор би ерөнхийлөгч Путинаас энэ үеэр Киев болон бусад хот, суурин газрууд руу долоо хоногийн турш довтлохгүй байхыг хүссэн” гэж Цагаан ордонд болсон засгийн газрын хуралдааны үеэр Трамп хэлжээ.
“Энэ бол хэвийн үзэгдэл биш. Энэ нь ердийн хүйтэн биш, ер бусын хүйтэн. Тэнд ч бас эндэхтэй адил урьд өмнө байгаагүйгээр хүйтэрч байна. Цаг агаар маш муу байна” гэж тэр хэлсэн нь Вашингтон ДС хотод бас хүйтний эрч чангарсныг харьцуулсан хэрэг байв.
Трамп цааш нь ярихдаа “Тэд хэзээ ч ийм хүйтрэлийг үзэж байгаагүй. Тиймээс Киев болон бусад хотууд руу долоо хоногийн турш довтлохгүй байхыг би ерөнхийлөгч Путинаас хүссэн. Тэр үүнийг зөвшөөрсөн нь маш сайхан хэрэг гэдгийг хэлмээр байна” гэжээ.
Кремлийн хэвлэлийн алба Путиний энэ амлалтын талаар ямар нэг мэдэгдэл гаргаагүй байна.
Өнгөрсөн оны наймдугаар сард Аляскад уулзсанаасаа хойш Украины дайныг дуусгах чиглэлд ахиц дэвшил гаргаж чадаагүй Трамп одоог хүртэл Путинд итгэж явдгаа нуусангүй.
“Хүмүүс надад яриад хэрэггүй, цагийн гарз гэж хэлж байсан. Гэтэл тэр зөвшөөрлөө. Би үүнд маш их баяртай байна. Учир нь Украины хот суурингууд руу пуужин харвахгүй байх нь одоо юу юунаас илүү чухал байгаа” гэж Трамп бахархалтайгаар хэлсэн юм.
Украины цаг уурын хүрээлэн ойрын өдрүүдэд тус улсад агаарын температур Цельсийн -30 хэм хүрэхээр байгааг өчигдөр мэдээлжээ.
Лхагва гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленский эрчим хүчний дэд бүтэц нь Оросын агаарын халдлагад дахин өртсөнийг мэдээлж байв.
Трамп өчигдөр бас удахгүй тав дахь жил рүүгээ орох гэж байгаа цуст дайныг дуусгах АНУ-ын зуучилсан Киев, Москвагийн яриа хэлэлцээнд “маш их ахиц дэвшил” гарсан талаар мэдэгджээ.
Гэвч өчигдрийн байдлаар Украинд байдал хүнд хэвээр байлаа. Пүрэв гарагт Украины төв болон өмнөд бүс нутагт Оросын агаарын халдлагын улмаас зургаан хүн алагдсаныг орон нутгийн онцгой байдлын алба мэдээлсэн байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!