Пүрэв гарагт Fox News сувгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ярихдаа НАТО буюу Трансатлантын холбоо АНУ-д “хэзээ ч хэрэг болж байгаагүй”, Афганистаны дайны үеэр холбоотнуудынх нь цэрэг “фронтын шугамаас хол байсан” гэх мэтээр ярьсан юм.
Энэ яриа Европын орнуудын албан тушаалтнууд, ахмад дайчдыг нэлээд бухимдуулжээ.
Афганистаны дайны нэг оролцогч байсан Их Британийн ерөнхий сайд Кир Стармер өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа “Би ерөнхийлөгч Трампын үгийг доромжилсон утгатай, маш увайгүй үйлдэл гэж үзэж байгаа бөгөөд энэ дайнд хайртай нэгэн нь алагдсан, шархадсан хүмүүст хүндээр туссан гэдэгт эргэлзэхгүй байна” гэж мэдэгдсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгчөөс уучлал гуйхыг шаардах эсэхийг нь асуухад Стармер “Хэрвээ би эдгээр үгсийг хэлсэн бол гарцаагүй уучлал гуйх байсан” гэж хариулжээ.
Их Британи улс Афганистанд 457 цэргээ алдсан нь 1950-аад оноос хойших хугацаанд гадаадад явуулсан дайнаас амссан хамгийн их хохирол болж байв.
Тус улс дайны хамгийн ширүүн он жилүүдэд Афганистаны хамгийн аюултай бүс нутаг болох Хелмандад холбоотнуудын ажиллагааг удирдаж, Иракийн дайнд АНУ-ын гол холбоотон болж байсан түүхтэй.
Олон нийтийн өмнө Трампыг шууд шүүмжлэхээс үргэлж зайлсхийдэг Стармерын хувьд дээрх мэдэгдэл онцгой хүчтэй сонсогдож байгаа юм.
Нидерландын гадаад хэргийн сайд Дэвид ван Вил бас Афганистаны дайны талаар Трампын хэлсэн үгийг “худал бөгөөд үл хүндэтгэсэн” хэмээн шүүмжилжээ.
Афганистан, Иракт тусгай хүчний командлагчийн албан тушаал хашиж байсан Польшийн генерал Роман Полко хэвлэлд ярихдаа “Бид түүнийг уучлал гуйхыг хүлээж байна” гэж хэлсэн юм.
Тэрбээр Трампыг “улаан шугамыг давсан” гэж буруутгаад “Бид энэ эвсэлд цусаа өргөсөн. Бид үнэхээр өөрсдийн амь насыг золиосолсон юм” гэж хэлжээ.
2006 онд Хелмандад илгээсэн Британийн анхны цэргүүдийн командлагч асан хурандаа Стюарт Түүтл мөн Трампаас уучлал гуйхыг шаардсан байна.
Польшийн батлан хамгаалахын сайд Владислав Косиняк-Камыш “Польшийн гаргасан золиосыг хэзээ ч мартаж, хэзээ ч бүдгэрүүлж болохгүй. Польш бол найдвартай, шалгарсан холбоотон бөгөөд үүнийг юу ч өөрчлөхгүй” гэж мэдэгджээ.
НАТО-гийн гэрээний тавдугаар зүйлд аль нэг гишүүн орон халдлагад өртвөл бусад гишүүд нь үүнийг өөртөө халдсанд тооцож, хамгаалах үүрэг тусгагдсан байдаг.
Энэ зүйл заалт ганцхан удаа хэрэгжсэн нь 2001 оны есдүгээр сарын 11-нд террористууд Нью-Йорк, Вашингтонд халдсаны дараах үйл явдал байлаа. Энэ үүргээ Европын холбоотнууд Афганистанд биелүүлж АНУ-ын армитай мөр зэрэгцэн тулалдаж байв.
Европын зарим улс төрчид Трамп өөрөө цэргийн алба хаахаас зугтаж байсан түүхийг нь сөхсөн байна.
Тухайлбал тэр хөлийн ясны сийрэгжилттэй гэсэн оношоор Вьетнамын дайнд явахаас хэд хэдэн удаа зайлсхийж байжээ.
“Трамп цэргийн албанаас таван удаа зугтаж байсан. Тиймээс яаж ингэж хэлж зүрхлэв ээ” гэж Их Британийн төв үзэлтэй Либерал Ардчилсан намын тэргүүн Эд Дэви сошиал хуудсаараа шүүмжилсэн байна.
Афганистаны дайнд АНУ нийт 2,460 орчим цэргээ алдсан гэсэн албан ёсны тоо бий. Их Британи 457, Канад улс 150 гаруй, Франц улс 90 хүнээ алдсан бол Герман, Итали болон бусад улс орнууд мөн олон арван хүнээ алдаж байв.
Өнөөдөр Гринланд арлын эзэмшлийн асуудлаар Трамптай зөрчилдөж буй Дани улс 44 цэргээ алдсан нь НАТО-гийн гишүүн орнууд дотроос хүн амын тоотой нь харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг юм.
Хохирлын хэмжээг нь хүн амын тоотой харьцуулсан үзүүлэлтээр АНУ, Их Британи, Дани улсууд ойролцоо түвшинд байдаг.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!