Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын энэ оны хоёр дахь Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) буюу "StarLadder Budapest Major 2025" тэмцээн Унгарын Будапешт хотноо үргэлжилж байна.
Арваннэгдүгээр сарын 24-нөөс хойш үндсэн хоёр шатны тойргийн тоглолтууд явагдаж, гуравдугаар шатанд өрсөлдөхөд шилдэг 16 баг ийнхүү бэлэн болоод байгаа юм.
Гуравдугаар шатны 16 баг таван тойргийн турш Швейцар форматаар тоглох бөгөөд гурван удаа хожсон найман баг энэ удаагийн дэлхийн аваргын шөвгийн наймд шалгарна.
"The MongolZ" багийн хувьд гуравдугаар шатанд Бразилын "Imperial Esports" багийн эсрэг маргааш 20:00 цагт "Во1" (нэг "map"-аар ялагчийг тодруулах) журмаар тоглох хуваарьтай байна.
Гуравдугаар шатны хоёр дахь тойргийн тоглолтууд тухайн шөнөдөө мөн адил "Во1" журмаар явагдах юм. Гуравдугаар шатны таван тойргийн тоглолтууд энэ долоо хоногийн Ням гарагт зохиогдож дууссанаар Будапештын дэлхийн аваргын шөвгийн найман багийн нэр тодорно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!