Уншиж байна ...

Ж.Чинбүрэн: Угаасаа 2026 онд эрүүл мэндийн салбарынхны цалинг нэмнэ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. 

Энэ үеэр эрүүл мэндийн салбарынхны цалин хөлсийг нэмэгдүүлэхтэй холбоотой дараах мэдээллийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хүргэв. 



"2027 онд эрүүл мэндийн салбарынхан 3.5 саяас давсан цалинтай ажиллах боломжийг бүрдүүлэх зорилготой"

Тэрбээр хэлэхдээ "Өнөөдөр эрүүл мэндийн салбараар амьсгалсан Засгийн газрын хуралдаан боллоо. Нийт дөрвөн чухал асуудлыг хэлэлцэж шийдвэр гарсан. 

  1. Эрүүл Мэндийн Даатгалын Сан /ЭМДС/-гийн хяналт шалгалтын үйл ажиллагаа ба гарсан зөрчлүүдийн тухай,
  2. Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын даргыг томиллоо.
  3. 2027 оныг эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан. 
  4. Монгол Улсын Ерөнхийлөгчийн уламжлалт анагаах ухааны чиглэлээр Засгийн газарт Ерөнхийлөгчөөс чиглэл хүргүүлэх тухай зарлигтай холбоотой Засгийн газрын үйл ажиллагаа хийх, зарлигийг хэрэгжүүлэх чиглэлд тогтоол шийдвэр гарч байна.

Эрүүл мэнд, боловсрол хоёр цэвэр төсвөөс санхүүждэг салбарууд юм. Түүнээс биш орлого олж, өөрсдөө бизнес эрхлээд гаднаас хөрөнгө оруулалт аваад байдаг салбар биш ээ.

Иймд 2027 оныг эрүүл мэндийг дэмжих жил болгохоор зорьж байна.

Хууль эрх зүйн орчин, дагалдах журам, шийдвэр, төсвөө анхаарч 2027 онд эрүүл мэндийн салбарынхан 3.5 саяас давсан цалинтай ажиллах боломжийг бүрдүүлэх зорилго тавьж байгаа" гэв. 

"Эрүүл мэндийн салбарын 35,000 ажилчны цалинг нэмье"

Үргэлжлүүлэн эмч, ажилчдын цалинг хэзээ хэрхэн нэмэгдүүлэх талаарх сэтгүүлчийн асуултад салбарын сайдын зүгээс дараах хариултыг өглөө. 

Сэтгүүлч: Эрүүл мэндийн салбарын ажилчид "Энэ сарын 13-наас ажил хаялт зарлана" гэдгээ албан ёсоор мэдэгдчихлээ. Тэгвэл 2027 он хүртэл тэд хүлээх үү. Мөн ажил хаяхаа зарласан эмнэлгүүдийн зарим нь менежментийн гэрээтэй байна. Менежментийн гэрээгээр хувьд оччихсон эмнэлэг хувийн компани гэсэн үг үү, эсвэл өөр гэрээ байдаг уу?

Сайд Ж.Чинбүрэн: Өчигдөр орой Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлөөс шийдвэр гаргаад ажил хаях талаар ярьсны дараа Т.Мөнхсайхан гишүүн бид хоёр очсон.

Уулзалтаар хоорондоо дэлгэрэнгүй ярилцсан. Мэдээж 2027 оныг хүлээе гэж хэлээгүй. Угаасаа 2026 онд цалинг нэмнэ. Эрүүл мэндийн салбарын цалингийн тогтолцоо боловсролын салбарыг бодвол ЭМДС-гаасаа гүйцэтгэлд тулгуурлан цалин хэлбэрээр очдог.

Миний хэлээд байгаа санаа бол даатгалын тогтолцоог эрүүл болгох нь өөрөө санхүүжилтийг зөв болгоход чухал үүрэгтэй. Улмаар гүйцэтгэснийхээ хэрээр санхүүжилтээ авч, цалин нэмэх боломж нь одоо ч бий.

Тэгвэл энэ хэзээ хэрэгжих юм бэ? 2026 онд

Эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд юу болохгүй байгаа вэ гэдгийг одоо бид мэдчихсэн. 2026 ондоо эрүүл мэндийн тогтолцоог

  • илүү бие даасан байлгах,
  • хяналтыг нь сайжруулах,
  • хяналтын тусдаа бүтэц гаргах,
  • цахимжуулах, хиймэл оюун ухаанд суурилах,
  • гуравхан хувийг нь хянадаг бус 30-40 хувийг нь хянадаг байх
  • Алдаа зөрчил илэрвэл үйл ажиллагаа эрхлэх лицензийг нь хүртэл хураах, удирдлагыг нь солих ийм хэмжээнд ажиллуулах ёстой.

Манай эрүүл мэндийн салбарт нийт 67,000 ажилчид бий. Түүний 35,000 нь төрийн хамааралтай цалин авч ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын ажилчид. Эдгээрийн цалинг нэмье гэж ярьж байгаа.

Гурван талын хэлэлцээ бий.

  1. Үйлдвэрчний эвлэл
  2. Хувийн хэвшлийнхэн
  3. Эрүүл Мэндийн Яам

Гурван талын хэлэлцээг дүгнээд нэмэлт хэлэлцээнд оръё гэдгээ илэрхийлсэн. Өнөөдөр Үйлдвэрчний эвлэлээс албан шаардлага, бичгээ авчихсан байгаа.

Үүнийг үе шаттай буюу 2026 онд хэдэн хувь нэмэх, 2027 онд яаж нэмэх вэ гэдгээ ярилцахаар тохирсон. Тиймээс үе шаттай явъя гэдгээ тохирсон гэсэн үг. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1487266275910857