Такси дуудлагын Uber компанийн гүйцэтгэх захирал Дара Хосровшахи саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа автомашины ирээдүйн талаар өөрийн зөгнөлийг хуваалцжээ.
“Хорь гаруй жилийн дараа бүх автомашинууд жолоочгүй, робот жолоодлоготой болно” гэж тэр хэлсэн байна.
Учир нь тэр үед робот жолоодлоготой автомашинууд хүмүүсийн жолоодсон автомашинаас бага осол эндэгдэл гаргадаг болох гэнэ.
“Машинууд хүмүүстэй харьцуулахад хамаагүй бага алдаа гаргадаг болно гэж би үзэж байна. Ялангуяа үхэлд хүргэдэг ноцтой осол эндэгдлийн хувьд” гэж Дофнерын хөтөлдөг “MD MEETS” подкастад оролцохдоо Хосровшахи хэлжээ.
Тэр үед автомашин жолоодох нь хүмүүсийн хувьд өнөөдрийн “морь унах”-тай адил онцгой ур чадвар болж хувирах гэнэ.
Тиймээс хүмүүсийн хувьд автомашин хувьдаа өмчлөх гэдэг ойлголт аажмаар алга болохыг Хосровшахи хэлжээ.
“Технологи сайжрахын хэрээр робот хүнээс илүү аюулгүй ажилладаг болох нь эргэлзээгүй. Тиймээс задгай зам дээр хүмүүст автомашин жолоодохыг зөвшөөрөх ёстой юу? Энэ бол нийгэм өөрөө өөрөөсөө асуух бодит асуулт гэж би бодож байна” гэж тэр хэлсэн юм.
Технологийн олон компани өнөөдөр жолоочгүй автомашины туршилтыг явуулж байгаа.
Тухайлбал Тесла компани саяхан Техас мужийн Остин хотод Роботакси бүтээгдэхүүнийхээ бодит зам дээрх туршилтыг эхлүүлсэн юм.
Мөн өөрийн үйлдвэрлэсэн автомашин эзэмшигчдэд “Full Self-Driving” буюу бүрэн автомат жолоодлогын горим санал болгодог.
Uber компанийн хувьд Alphabet-ийн хөрөнгө оруулалттай Waymo компанитай хамтран ижил туршилтыг мөн Остин хотод эхлүүлжээ.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!