Улаанбаатар хотын төв хэсгийг дулаанаар хангадаг, 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын замын эсрэг талын гол магистраль 11 Г, Д ф800 мм-ийн голчтой шугамыг энэ жил ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажил гурван сар үргэлжилж, шугамыг халаалтад залган нөхөн сэргээлтийг хийж эхэлжээ.
Энэ тухай Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Б.Ганзориг “11 Г, Д 800 мм-ийн голчтой дулааны шугамыг 1000 мм-ийн голчтой болгон 40 жилийн дараа өргөтгөлөө. Шугам солих ажлыг халаалт зогссон үед дуусгаж, дараа нь хөрсийг нягтаршуулан хэмжилт хийсэн.
Өчигдрөөс явган хүний замын нөхөн сэргээлтийн ажлыг эрчимтэйгээр эхлүүлж байна.
Энхтайвны өргөн чөлөөний II хэсэг, Саппорогийн уулзвараас Баруун 4 зам хүртэлх 4.7 метрийн өргөнтэй байгалийн чулуун хучилттай явган хүний замыг “ТАСО” ХХК барьж байна. Тус компанийг богино хугацаанд хариуцаж авсан ажлаа дуусган иргэдийг явган замаар чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлж өгөхийг үүрэг болгосон.
Мөн Энхтайвны өргөн чөлөөг зогсоолгүй болгох ажлын хүрээнд хуучин ААН-ийн авто зогсоол байсан хэсгийг чөлөөлж, явган хүний зам, авто замын хашлага суурилуулах ажил явагдаж байна” гэж мэдээллээ.
11г, д магистраль шугамыг энэ оны долоодугаар сарын 2-ны өдрөөс өргөтгөж эхэлжээ. Дулааны шугамыг өргөтгөснөөр нийслэл хотын төвийн хэсгийг дулааны эрчим хүчээр найдвартай хангах аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!