Нийслэлийн Баянгол дүүрэг, 25 дугаар эмийн сангийн замын урд талд дулааны шугамыг өргөтгөж буй. Ажлын явцын талаар холбогдох хүмүүс өнөөдөр мэдээлэл өглөө.
Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Б.Ганзориг: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын төвийн хэсгийг дулаанаар хангадаг 11г, д магистраль шугамыг өргөтгөх ажил үргэлжилж байна.
Энэ онд 650 метр хос буюу 1,300 метр урт шугамыг өргөтгөх ажлыг "Энерго Сервис Монтаж" компани гүйцэтгэж байгаа юм. 11г, д дулааны шугамыг өргөтгөснөөр нийслэл хотын төвийн хэсгийг дулааны эрчим хүчээр найдвартай хангана.
Өнөөдрийн байдлаар 25 дугаар эмийн сангийн урд талд дулааны шугамыг угсарч байна. 800мм-ийн голчтой дулааны шугамыг 1,000мм-ийн голчтой болгоно.
Өнгөрсөн жил 2.4 километр шугамын ажлыг гүйцэтгэсэн юм. Энэ жил 650 метр дулааны шугамыг өргөтгөж байна.
Дулааны шугамыг өргөтгөх ажлыг гүйцэтгэж буй "Энерго Сервис Монтаж" компанийн талбайн инженер Д.Наранбат "2025 оны долоодугаар сарын 2-ны өдрөөс тус байршлын дулааны шугамыг өргөтгөх ажлыг гүйцэтгэж эхэлсэн. 25 дугаар эмийн сангийн урд талаас Төмөр замын уулзвар буюу BSB дэлгүүр хүртэлх дулааны шугамыг өргөтгөх юм.
Одоогийн байдлаар 650 метр шугам угсрахаас 400 орчим метрийг угсарсан, гүйцэтгэл 70 гаруй хувьтай үргэлжилж байна.
Дулааны найман худаг, хоёр ширхэг үл хөдлөх суваг цутгах ажил 80%-д хүрсэн.
Урьдчилсан дулаалгатай, 1,020 мм-ийн голчтой дулааны шугамыг угсарч, гагнаж байна.
Есдүгээр сарын 15-н хүртэл дулааны шугамыг өргөтгөх ажил үргэлжилнэ.
Явган явж байгаа иргэдэд урдуураа тойрч явах тэмдэглэгээг байршуулсан, аюулгүй байдлыг хангаж ажиллахад анхаарна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!